Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сөүл Пхеньяныг чиглэсэн суртал ухуулгаа зогсоожээ

  Б.Оюун 2018-04-23 618

Өмнөд Солонгосын тал 4-р сарын 23-наас буюу өнөөдрөөс эхлэн хойд хөрштэйгээ залгаа хилийн бүсэд суртал ухуулгын чанартай нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл цацдаг байснаа зогсоожээ. Энэ шийдвэрээ удахгүй болох Хоёр Солонгосын хамтарсан дээд хэмжээний уулзалтын өмнө гаргасан байна. Тэгвэл өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгосын тал Хойд Солонгосын хил дагуу чанга яригчаар суртал ухуулгын нэвтрүүлэг цацдаг байсан юм.

Өмнөд Солонгосын Рёнхап агентлаг энэ талаар улсынхаа Үндэсний Батлан хамгаалах яамны мэдээлэл дээр тулгуурлан мэдээлжээ.  Өмнөд Солонгосын Үндэсний Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр дээрх алхмыг Өмнөд болон Хойд Солонгосын хоорондын сөргөлдөөнийг намжаах зорилгоор, мөн хоёр улсын хооронд болох гэж байгаа дээд уулзалтыг энхийн уур амьсгалд явуулах зорилгоор авчээ.  

Өмнөд Солонгосын тал хойд хөршийнхөө ард иргэдэд зориулан, тэдэнд суртал ухуулга хийх зорилгоор анх 1963 онд хилийн шугамын дагуу чанга яригчаар мэдээ мэдээлэл, цаг үеийн байдлын талаар суртал хийх болжээ. Сөүлийн энэ алхмын хариуд Пхеньян мөн адил арга алхам авч, улмаар 2015 оныг хүртэл харилцан суртал ухуулгын үйл ажиллагаа үргэлжилсэн байна. Талууд 2015 онд Солонгосын хойгийн завсрын бүс дэх суртал ухуулгын үйл ажиллагаа, нэвтрүүлгээ зогсоохоор харилцан тохиролцсон хэдий ч 2016 оны 1-р сард Сөүл дахин чанга яригч ашиглан хойд хөршийнхөө иргэдэд зориулан мэдээ мэдээлэл цацах болжээ. Сөүл Пхеньяныг олон улсын хориг саадыг үл харгалзан цөмийн зэвсгийн 4 дэх удаагийн туршилтаа явуулсны дараа ийнхүү суртал ухуулгын нэвтрүүлгээ дахин цацаж эхэлсэн юм. Ингэхдээ Өмнөд Солонгосын талаас Хойд Солонгосын улс төрийн бодлого, зүй тогтлыг ихэнхдээ шүүмжилсэн утга агуулгатай мэдээ мэдээллүүд, мөн орчин үеийн K-pop хөгжмийг ихэнхдээ хил дамнуулан чанга яригчаар дамжуулан цацаж байжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан