Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ИРАН УЛС БҮХ НИЙТИЙН ГАШУУДАЛ ЗАРЛАВ

  М.Даваадулам 2018-09-24 2350

 Иран улс бүх нийтийн гашуудал зарлалаа. Бямба гарагт Ахваз хотноо цэргийн сүрт жагсаалын үеэр террорист халдлага болж, олон хүний амь эрсэдсэн. Амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн Иран улсын Засгийн газар өнөөдөр улс даяар бүх нийтийн гашуудал зарлалаа.

Бямба гарагийн халдлага бол Ираны эсрэг дайсагначид Иран улс болон Ираны ард түмнийг устгах цорын ганц зорилго өвөртөлж байгаагийн илрэл гэж Ираны Засгийн газар мэдэгдлээ. Бүх нийтийн гашуудал зарлаж байгаа мэдэгдлийг өнөөдөр өглөө Иран улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд байршуулжээ.

Энэ сарын 22-ны өдөр Ираны Ахваз хотноо цэргийн сүрт жагсаалын үеэр зэвсэглэсэн этгээдүүд жагсаалд оролцогчид болон үзэгчид рүү гал нээсэн. Террорист халдлагын улмаас 29 хүн амиа алдаж, 57 хүн шархаджээ. Тэдгээрийн дунд зэвсэгт хүчний алба хаагчид, хүүхэд, эмэгтэйчүүд ч байжээ. Ираны Хувьсгалт гвардийн 8 алба хаагч, нэг сэтгүүлч амь үрэгдсэн гэх мэдээлэл ч байна.

Цэргийн сүрт жагсаал болж байсан талбайн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнгээс цэргийн дүрэмт хувцастай, автомат буугаар зэвсэглэсэн 4 этгээд гал нээсэн байна. Тэдгээрийн хоёрыг хэргийн газарт устгасан, хоёр этгээдийг баривчлан, байцааж байгаа гэнэ.

Ираны Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Ахвазыг эсэргүүцэх үндэсний хөдөлгөөн” арабын бүлэглэл болон “Исламын улс” лалын хэт даврагсдын бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээжээ.

Иран улсын Ерөнхийлөгч Хасан Рухани террористуудын үйлдэлд хатуу хариу өгөхөө мэдэгдсэн юм.

Иран: Халдлагын цаана гадны улс бий

 Халдлагад гадны улс орон оролцоотой гэдгийг Иран улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн. Халдлагыг  террористууд гадны улсын дэмжлэгтэйгээр үйлдсэн гэх мэдэгдлийг бямба гарагт хийсэн ч, тухайн улсын нэрийг зарлаагүй юм.

Ираны баруун урд хэсэгт байрлах, Ирак улстай залгаа Хузестан мужийн засаг захиргааны төв Ахваз хотноо 2017 оны сүүлчээр Засгийн газрын эсрэг жагсаал гаарсан. Ард иргэдийн амьдралын түвшин доройтож байгаад эрх баригчдыг буруутгасан.

Иран болон Ирак улс хооронд газар нутгийн маргаанаас үүдэн 1980 оны 9-р сарын 22-нд дайн эхэлсэн. 8 жил үргэлжилсэн дайн ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Ирак улс Ираны Хузестан мужийг өөртөө нэгтгэж чадаагүй, Иран улс харин Саддам Хусейний дэглэмийг түлхэн унагаж чадаагүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл №598 тоот Гал зогсоох тухай тогтоол баталснаар 1988 оны 8-р сарын 20-ны өдөр найман жил үргэлжилсэн Иран-Иракийн дайн дуусчээ. Янз бүрийн тоон мэдээгээр Ирак улс дайнд 125,000 – 250,000 мянган хүнээ алдсан бол, Иран улсын 500,000 иргэн дайны хөлд амиа алджээ.

Иран-Иракийн дайн эхэлсний 38 жилийн ойн өдрийг энэ өдрүүдэд Иранд тэмдэглэж, томоохон хотуудад цэргийн сүрт жагсаал болж байна.

            BBC: Халдлага үйлдсэн этгээдүүд АНУ болон Израиль улстай холбоотой байж магадгүй

 Иранд халдлага үйлдсэн террористуудад ямар улс дэмжлэг үзүүлсэн тухай хэд хэдэн таамаг дэвшүүлээд байна. Ираны Хузестан муж дахь цөөнх болон араб иргэдийн эрх ашгийг хамгаалдаг нэгдсэн хүчин халдлага үйлдсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Мөн “Исламын улс” бүлэглэл ч халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Мөн гадны улс ч халдлагын цаана бий гэдгийг Иран улсын Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф мэдэгдсэн.

 “Иран улс тус халдлагад бүс нутаг дахь терроризмыг өөгшүүлэн, дэмжиж байгаа этгээдүүд болон тэдгээрийн Америк эздийг буруутай гэж үзэж байна” хэмээн Иран улсын Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф мэдэгдсэн.

Харин Иран улсын шашны тэргүүн Аятолла Али Хаменеи халдлагад АНУ-ын дэмжлэгтэйгээр оршин тогтнож байгаа бүс нутгийн орнуудыг буруутгалаа. Гэхдээ тэдгээр улсын нэрийг дурьдсангүй.

Иран улс өмнө нь мөн Ираны баруун урд хэсэгт голдуу оршин суудаг үндэстний цөөнх арабуудыг салган тусгаарлах гэж байгаад бүс нутаг дахь Тегераны гол өрсөлдөгч гэгддэг Саудын Араб улсыг буруутгаж байсан.

Саудын Арабын Засгийн газар одоогоор Иранд болсон халдлагатай холбогдуулан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Энэ үеэр Иран улсын Зэвсэгт хүчний удирдлагын мэдээлэл дээр тулгуурлан халдлага үйлдсэн этгээдүүд “Исламын улс” бүлэглэлийн гишүүд байсан гэх мэдээлэл ч цацагдаад байна. Персийн булангийн хоёр ч улсад тэдгээр нь бэлтгэл хийсэн бөгөөд цаашлаад тэдгээр нь АНУ болон Израиль улстай ч холбоотой гэсэн үг юм гэдгийг BBC агентлаг тэмдэглэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө