Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ Д.БАТСАЙХАНТАЙ САЛАХ ЁС ХИЙЛЭЭ

  Г.Бадамлянхуа 2018-10-19 3398

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг саатуулах гэж байгаад гэмт халдлагад өртөн амь насаа алдсан цагдаагийн ахлах ахлагч  Д.Батсайхан агсантай салах ёс өнөөдөр гүйцэтгэлээ. Ажил амьдралаа холбосон нийслэлийн цагдаагийн газрын төв байрнаас түүнийг хөдөөлүүлэхээр хөдөлсөн байна. Талийгаачтай салах ёс гүйцэтгэхээр түүний гэр бүл төрөл төрөгсөд болон монгол улсын ерөнхий сайд, цагдаагийн бие бүрэлдхүүн бэлэн жагсаж хүндэтгэл үзүүллээ.

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д. Батсайхан 10-р сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх үеэр бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан. Эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдүүдийг саатуулах гэж байсан тэрээр гэмт халдлагын улмаас алтан амиа алдаж, нөхөж баршгүй гарз хохирол учирлаа. Төр, түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа эзэн нь байж, албан үүргээ чин шудрагаар гүйцэтгэж байсан түүнтэй гэр бүл, төрөл төрөгсөд нь болон  монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх,  Хууль зүй дотоод хэргийн яамны төлөөлөл, мөрдөс нэгт журмын нөхөд нь салах ёс гүйцэтгэж, эцсийн замд нь үдлээ.

Цагдаагийн ахлах ахлагч Д. Батсайхан 1977 онд Улаанбаатар хотод төрж, 1985-1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 7-р дунд сургууль, 1996 онд Цагдаагийн дээд сургуулийн цагдаа бэлтгэх дамжааг төгсөж байжээ. 1996 онд ажил хөдөлмөрийн гараагаа Цагдаагийн ерөнхий газрын дохиолол хамгааллын албанд цагдаагаар эхлэн, 1999 онд СХД-ийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, 1999-2002 онд БЗД-ийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, цагдаа-зохицуулагч, 2002-2010 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, 2010-2012 онд Нийслэлийн хөдөлгөөнд эргүүлийн газарт эргүүлийн цагдаа, 2012-оос өнөөг хүртэлх хугацаанд СБД дэх цагдаагийн 2-р хэлтэст хэв журмын цагдаа, эргүүлийн цагдаа-жолоочоортомилогдон ажиллаж, нийт цагдаагийн албан 22 жил үнэнчээр зүтгэсэн шилдэг алба хаагчдын нэг байжээ. Ард иргэдийн аюулгүй, амгалан тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх их үйлсэд оруулсан түүний хувь нэмэр, алдар гавъяаг үнэлж Нийслэлийн цагдаагийн газрын баярын бичиг, хүндэт өргөмжлөл, Цагдаагийн ерөнхий газрын албаны төлөө 1, 2, 3-р зэргийн тэмдэг, цагдаагийн ерөнхий газрын баярын бичиг, Цагдаагийн гавъяа тэмдэг болон шагналаар шагнаж байжээ.

Цагдаагийн ахлах ахлагч Д. Батсайхан төр түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргэээ гүйцэтгэж байгаад алтан амиа зольсонд гэр бүл, төрөл төрөгсөд, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, ард иргэд гүн эмгэнэж байна.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Д. Батсайханы гэр бүлд хуулийн дагуу тэтгэмж олгохоор болсон байна. Цагдаагийн албаны тухай хуулийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар талийгаачийн гэр бүлд 76 сая 757 мянган төгрөгийг нэг удаа олгох шийдвэр гаргасан байна. Талийгаачийн эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, гэгээн дүр төрх гэр бүл, төрөл төрөгсөд, мөрдөс нэгт нөхөд, ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэнэ. Ум сайн амгалан болтугай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө