Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Калифорнид буун дуу гарч, 13 хүн нас баржээ

  М.Даваадулам 2018-11-09 630

Америкт дахин буун дуу гарлаа. Калифорни мужийн өмнөд хэсэгт байрлах Таузэнд-Окс хотын бааранд тэнгисийн цэрэгт алба хааж байсан эрэгтэй гал нээж, хамгийн сүүлийн мэдээгээр 13 хүн нас барж, 10 гаруй хүн шархаджээ. Хэрэг гарах үед тус бааранд оюутны үдэшлэг болж байсан учир хүн ихтэй байжээ. Энэ нь террорист халдлага байхыг үгүйсгэхгүй байна. Гэмт этгээдийг цагдаа нар буудан хороосон байна. Энэ үеэр цагдаагийн нэг алба хаагч хүнд шарх авч, эмнэлэгт амьсгал хураажээ. Өнөөдөр Калифорни мужид шархадсан хүмүүст цус хандивлахаар иргэд олноороо дугаарлан зогсож байна. Мөн галт зэвсгийн хэрэглээг зохицуулахыг хууль тогтоогчдоосоо шаардаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Америк даяар гурав хоногийн гашуудал зарлаж, 10-ны өдрийг дуустал улс даяар төр засгийн байгууллагуудын дээрх төрийн далбааг бөхийлгөлөө.

Вентура тойргийн шериф Жефф Дины өгсөн мэдээллээр, хэрэг 7-ны орой 23 цаг 20 минутад буюу Монголын цагаар 8-ны өдрийн 15:20 минутад Лос-Анжелес хотын баруун хойд хэсэгт байрлах дагуул хотод гарсан юм. Хар хувцастай эрэгтэй баарны хаалгаар орж, утаа гаргагч бодис шидэлж, дараа нь гал нээжээ.

Гэмт этгээд 30 гаруй удаа гал нээж амжсан гэж хэргийн газрын гэрчүүд хэлж байна.

Орон нутгийн цагдаагийн газрын түрүүч Рон Гелус хэд хэдэн сумны шарх авч, улмаар эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа таалал төгсчээ.

Анхлан гэмт этгээд хэргийн газраас зугтсан гэж мэдээлж байсан ч, Вентура тойргийн шериф энэ мэдээллийг няцааж, гэмт этгээдийн цогцсыг бааранд олсон гэж мэдээлсэн. Гэхдээ үхлийн шалтгааныг нь тодорхойлоогүй юм. Цагдаа нарын суманд оногдсон, эсхүл амиа хорлосон болохыг хэлсэнгүй.

Гэмт этгээд нь тэнгисийн цэрэг алба хааж байсан 29 настай Иэн Лэнг гэгч байсныг өнөөдөр мэдээллээ.

“Энэ бол аймшигт хэрэг. Улс даяар, хаа сайгүй болж байгаа аймшигт хэргийн нэг. Энэ хэрэг ямар нэгэн утга агуулгатай байсан гэж хэлэх нь мэдээж утгагүй” хэмээн ноён Дин сэтгүүлчдэд мэдээллээ.

Одоогоор гэмт этгээдийн хэн болох, мөн түүний хэрэг үйлдэх болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Хэргийн газарт Холбооны мөрдөх товчооны Терроризмын эсрэг нэгдсэн төвийн баг ажиллаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ хэргийг мөн л аймшигт үйл явдал гэж нэрлэлээ. Мөн цагдаагийн алба хаагчдын гаргасан эр зориг, ур чадварыг өндрөөр үнэлж, хууль хяналтын байгууллагын алба хаагчдад талархал илэрхийлсэн юм.

Таузанд-Окс хот нь Америкийн Калифорни мужийн Вентура тойргийн хоёр дахь том хот. Хотын төвд талбайд олон зуун царс мод байдаг учир “мянган царс” хэмээн нэрлэжээ.

АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээллээр, хот 143 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 130,000 гаруй хүн амтай юм байна.

Таузанд-Окс нь Америкийн хамгийн аюулгүй томоохон хотын тоонд багтдаг. Холбооны мөрдөх товчооны 2004 онд гаргасан судалгаагаар 100,000-аас дээш хүн амтай хотууд дунд аюулгүй байдлаараа улсдаа 4-рт бичигдэж байжээ. Харин 2016 онд тус хотын Америкийн хоёр дахь аюулгүй хотоор нэрлэж байсан байна. Гэмт хэрэг байтугай амиа хорлолт ч тус хотод төдий л бүртгэгддэггүй гэж хуулийн байгууллага мэдээлж байна.

Америкт галт зэвсэг ашиглан олон хүний аминд хүрсэн хэрэг гарах бүрт галт зэвсгийн хэрэглээг хуулийн хүрээнд зохицуулах асуудал хөндөгддөг. 2017 оны судалгаагаар, Америкчуудын 40% нь галт зэвсэг эзэмшдэг, эсхүл гэрт нь галт зэвсэг байдаг хэмээн хариулжээ. Мөн өндөр хөгжилтэй орнууд дундаас Америкт гэлт зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдэх тохиолдол хамгийн өндөр байдаг юм. 2016 оны байдлаар Америкт 11,000 гаруй хүн суманд өртөн амиа алджээ. Энэ нь нийт хүн амины хэргийн 70 орчим хувийг эзэлж байна. Эрх чөлөөний оронд 100 хүн тутамд 88 зэвсэг оногддог байна. Мөн өөр бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад галт зэвсэг ашиглан олон хүний аминд хүрэх хэрэг 11 дахин илүү гардаг гэсэн судалгаа байна.

Америк дахь галт зэвсгийн хэрэглээтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.

  • 100 хүн тутамд 88 галт зэвсэг – энэ үзүүлэлтээр АНУ дэлхийд тэргүүлж байна. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын 2012 онд гаргасан судалгаагаар ийм үзүүлэлттэй байна. Дараагаар Йемен улс бичигдэж байгаа бөгөөд Арабын улсад 100 хүн тутамд 54.8 зэвсэг оногдож байна.
  • Дэлхийн галт зэвсгийн тал хувь – Дэлхий даяар энгийн иргэдийн эзэмшиж байгаа нийт галт зэвсгийн тал хувь Америкийн иргэдэд оногдож байна. 2007 оны судалгаагаар АНУ-ын хүн ам дэлхийн хүн амын 5% хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа ч, иргэн хүний эзэмшиж буй нийт галт зэвсгийн 35-50% Америкийн иргэдэд оногдож байжэ
  • 30,000 гаруй – Америкт жилд 30,000 гаруй хүн галт зэвсгийн улмаас нас бардаг. Үүний 70 орчим хувийг амиа хорлолт эзэлдэг байна.
  • 100,000 гаруй – Америкт жилд 100,000 гаруй хүн галт зэвсэгт шархаддаг байна.
  • 25 дахин их – галт зэвсгийн хуулийг чангатгахыг уриалагчдын хэлж байгаагаар өөр бусад хөгжилтэй орнуудтай харьцуулахад Америкт галт зэвсэгт өртөж, амиа алдах эрсдэл 25% өндөр байна.
  • 71% - 1994 оноос хойш Америк даяар жижиг оврын галт зэвсгийн тоо 71%-иар нэмэгджээ.
  • 2.8 тэрбум ам.доллар – энэ хөрөнгийг жилд галт зэвсгийн сумны шарх авсан хүмүүсийг эмчлэхэд АНУ зарцуулдаг байна. Хэрэв эмчилгээний зардал дээр эмчилгээний хугацаанд алдсан цалин зэргийг нэмвэл 45 тэрбум ам.долларт хүрэх нь ээ. 
  • 127 хот - 2015 оны байдлаар галт зэвсэг ашиглан үйлдсэн аллагын тал хувь Америкийн 127 хотод оногдож байгаа бөгөөд эдгээр хотуудад Америкийн хүн амын дөрөвний нэг хувь амьдардаг гэж Английн The Guardian сонингийн судлаачид тооцоолол гаргажээ.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө