Эрүүл мэнд

Нэгдүгээр эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг өнөөдөр 90 дэх хагалгаагаа хийлээ. 90 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж 90 хүний амь насыг авраад байна гэсэн үг. Монгол улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаа хэдийнэ нутагшсан гэж хэлж болох нь. Учир нь Монгол залуу эмч нар бие даан энэ удаагийн хагалгааг амжилттай хийлээ. 

Манай улсын эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгааг хэдийнэ нутагшуулжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийнхнаас өнөөдөр ЭХЭМҮТ-ийн эмч нар туршлага судалж байна. Элэг шилжүүлэн суулгах 90 дэх хагалгааны үеэр тэд ЭХЭМҮТ-ийн мэс заслын болон унтуулгын багийн эмч нарт сургалт явуулж байсан юм. Хоёр донороос эрхтэн шилжүүлэн суулгах, мөн цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах гээд элэгний хагалгааг өргөжүүлэхээр ажиллаж байгаагаа эмч нар ярьж байна.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхийн тулд 50 гаруй хүн нэг баг болж ажилладаг байна. Лифтчин, тогооч, ариутгалын ажилтан, мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч, техникч, мэс заслын эмч, сувилагч, элэг, цөсний эмч, лабораторийн техникч зэрэг 50-иад хүн нэг сэтгэлээр, нэг зорилгын төлөө ажилладаг гэлээ.

Зөвхөн хагалгаа амжилттай дуусах биш, өвчтөн бүрэн эдгэрч байж тэдний санаа амардаг. Хүнд амь, амьдрал бэлэглэх хамгийн сайхан мэдрэмж хэмээн эмч нар ярьж байна.

Элэг шилжүүлэн суулгах хагалгаа манай улсад хэдийнэ нутагшсаныг 90 дэх хагалгаагаа амжилттай хийсэн эмч нар ярьж байлаа.