Алматы хотод жагсаал цуглааны үеэр сураггүй алга болсон иргэдийг эрж хайж байна

Үйл явдал

Казахстаны Алматы хотод дэгдсэн олныг хамарсан үймээн самуун, жагсаал цуглааны үеэр сураггүй алга болсон иргэдийг ар гэрийнхэн нь эрэн хайж байна. Хотод дэгдсэн жагсаал цуглаанд оролцохоор яваад гэртээ эргэж ирээгүй маш олон хүн байгааг ар гэрийнхэн нь хэлж байгаа юм. 

Тиймээс магадгүй жагсаал цуглааны үеэр хууль сахиулагчдад саатуулагдсан байж болох юм хэмээн сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхэн дотоод хэргийн яам, цагдаа хүчний байгууллагын гадна цуглаж байна. Жагсаал цуглаанд оролцох үеэр саатуулагдсан хүмүүсийн талаарх мэдээллийг хүчний байгууллагынхан мөн гаргаж, ар гэрийнхэнд нь дуулгах үүрэг хүлээжээ.

Түүнчлэн хууль хүчнийхэнд саатуулагдаагүй, магадгүй гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байж болохыг үгүйсгэхгүй байгаа учраас иргэд эмнэлэг морг зэрэг газруудаар явж мөн сураг ажгийг нь гаргаж байгаа юм. Казахстанд өрнөсөн дотоодын үймээн самууны үеэр хичнээн хүн амиа алдсан талаарх эцсийн тодорхой тоог одоогоор гаргаагүй байна.