Ковид-19

Коронавирусийн халдвар дэлхийн дахинд хурдацтай тархсан хэвээр байна. Ялангуяа Европын улс орнууд хүндхэн байдалд орж хорио цээрийн дэглэмээ улам чангатгаж эхэллээ. Итали улсад нас барсан хүний тоо Хятадыг давж, шинэ тохилодол хоногт  мянга мянгаар нэмэгдсээр байна. Өвчний тархалт буурахгүй байгаа учраас Итали улс цэргийн хүч ашиглахаар шийджээ. Өнөөдрийн байдлаар коронавирус дэлхийн 90 гаруй хувийг хамарч байна. Сүүлийн 24 цагийн дотор Фижи, Чад, Никарагуа, Эль Сальвадор, Негир зэрэг улсад бүртгэгдлээ. Ингээд дэлхийн нөхцөл байдлын мэдээллээс хүргэе.

ИТАЛИ УЛС ХӨЛ ХОРИОГ ЧАНГАТГАХ ЗОРИЛГООР ЦЭРГИЙН ХҮЧ АШИГЛАНА

Коронавирусийн халдвар Европ тивд голомтлон гарч байна. Ялангуяа Итали, Франц, Испани, Герман, Швейцарь зэрэг улсуудад 24 цагийн дотор халдварын тоо мянгаас таван мянгаар өсч байгаа юм. Итали улсын хувьд  хоногт 5,322 шинэ тохиолдол бүртгэгдэж 623 нас барлаа. Нийт нас баралт Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг гүйцэж 4,032-т хүрээд байна. Энэ бол Итали Улсад анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Нас баралтын хувь ч өсөн 8.3-д хүрснийг зарлаад байна. Италийн засгийн газар улс орондоо тогтоосон хорио цээрийн дэглэмийг дэндүү сул байна гэж үзсэн. Тийм учраас улам чангатгана гэдгийг зарлалаа. Ингэхийн тулд цэргийн хүч ашиглахаар болсон байна. Харин голомтлон тархаж байгаа Испанид нэг өдрийн дотор 3499, Францад 1617, Швейцарьт 1393 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

ДЭМБ: ТАЙВШРАХ БОЛООГҮЙ, ХАЛДВАРЫН ХОЁР ДАХЬ ДАВАЛГАА ЭХЭЛСЭН 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тайвшрах болоогүйг сануулсаар байна. Халдварын голомт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас эхэлж Ази тивийг хамарсан. Хятадаас гарсан халдвар дэлхий нийтэд түгэх эхний давалгаа өндөрлөсөн. Үүнээс Монгол, Казахстан тэргүүтэй улс орнууд амжилттай хамгаалж чадсан бол Итали, Испани зэрэг Европын улс орнууд урьдчилан сэргийлж чадсангүй гэж харж болохоор байна. Харин одоо Европ тивээс Ази руу чиглэсэн хоёр дахь давалгаа эхэлсэн. Эхний амжилтаа бататгаж, урьдчилан сэргийлэх анхаарлаа бууруулахгүй байх ёстойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санууллаа. Энэ үеийг давахын тулд Гэртээ хамтдаа аяныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зарласан. Энэ санаачилгыг дэмжиж Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин гэрээсээ онлайнаар тоглолт зохион байгуулжээ. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тусгай дугаар гаргасан. Энэ дугаарт hi гэсэн мессеж илгээснээр эрүүл мэндийн заавар зөвлөгөөг Англи хэлээр авах боломжтой юм. Ирэх долоо хоногоос өөр олон улсын хэл дээр мессеж илгээгдэх юм.

АЗИЙН УЛС ОРНУУДАД ӨВЧНИЙ ХАЛДВАР ДАХИН НЭМЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ухань хотод коронавирусийн халдвар сүүлийн гурав хоногт нэг ч бүртгэгдсэнгүй. Өвчний тархалтыг бүрэн хумьжээ. Харин энэ улсын хэмжээнд сүүлийн 24 цагт нийт 41 тохиолдол бүртгэгдсний дийлэнх нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Энэ мэдээллийн дараагаас Азийн орнууд хөл хориогоо суллаж эхэлсэн. Гэхдээ цаг нь арай болоогүй байгааг зарим улс орны тохиолдлууд харууллаа. Тухайлбал Индонезид 9 мянга гаруй хүнийг хамруулсан шашны мөргөл үйлджээ. Үүний дараа вирусийн тохиолдол 100-аар нэмэгдсэн байна. Бүгд Найрамдах Солонгос Улс ч мөн адил өвчний тархалтыг хумьж байгаагаа зарласан ч өнгөрсөн Баасан гарагаас дахин сэдэрлээ. Хоногт 147 тохиолдол бүртгэгдэж нас барсан хүний тоо 100 давсан байна.