Ковид-19

Халдвартай 10 хүний биеийн байдал сайжирч байна. Хүнд байсан хоёр иргэний биеийн байдал тогтворжиж дунд зэрэг болсныг онцоллоо. Харин Франц иргэний уушгийг сити төхөөрөмжөөр нарийвчлан үзсэн байна. Өвчний улмаас бий болсон өөрчлөлтүүд эдгэж, уушги дахин сэргэж эхэлснийг тогтоожээ. Франц иргэн сайн мэдээ дуулгасан эмчдээ “Би инээж байна, танд ч бас инээд бэлэглэе” гэсэн мессеж илгээжээ. Иргэдийн биеийн байдал тогтвортой сайжирч байгаа ч цаашдаа багадаа 10 хоног эмчилгээ үргэлжилнэ гэдгийг онцоллоо.

Харин тусгай нислэгээр ирсэн иргэдээс дахин коронавирусийн халдвар илрээгүй байна. Үүнд:

- Стамбул-Улаанбаатар нислэгээр ирсэн архаг хууч өвчтэй 24 иргэн

- Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 22 иргэн

- Токио-Улаанбаатар нислэгээр ирсэн 52 иргэн

- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 иргэнээс ямар нэг халдвар илрээгүй байна.

Харин сүүлийн 24 цагийн байдлаар манай улсад сэжигтэй тохиолдол нэг ч бүртэгдээгүйг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.