ОХУ, Беларусийн талууд хамтарсан цэргийн сургуулилтаа эхлүүллээ

Улс төр

Тэгвэл энэ хооронд ОХУ болон Беларусийн талууд хамтран цэргийн өргөн хүрээний хамтарсан сургуулилт явуулж эхэллээ. 

Цэргийн хамтарсан сургуулилтад оролцохоор Беларусьд Оросын цэргийн хүчнийхэн өнгөрсөн сарын сүүлээр очсон юм. 

Орос-Беларусийн талууд 2-р сарын 10-20-ны хооронд “Шийдэмгий холбоотон-2022” нэртэй хамтарсан цэргийн сургуулилт явуулж байна. Энэхүү сургуулилтад оролцох Оросын Су-35С цэргийн онгоцнууд, мөн С-400 зенитны пуужингийн комплексыг Беларусийн нутаг руу өнгөрсөн сарын сүүлээр илгээжээ. Түүнчлэн хамтарсан сургуулилтад Оросын талаас С-400 зенитны пуужингийн хоёр комплекс оролцож байгаа юм. Хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилтыг Беларусийн Польш болон Украинтай залгаа баруун болон өмнөд хил дагуух бүсэд явуулж байна. Минскийн талын мэдээлж байгаагаар цэргийн сургуулилтыг хэд хэдэн цэргийн полигонд, мөн агаарын цэргийн баазуудад нэгэн зэрэг явуулахаар төлөвлөжээ. Одоогоор хоёр улсын цэргийн хамтарсан сургуулилтад хичнээн цэргийн албан хаагч, техник оролцож байгааг тодорхой нэрлээгүй байна.