НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ-ын хүсэлтээр хуралдлаа

Улс төр

ОХУ болон Барууны улс орнууд бие биенээ Украины нутаг дэвсгэр дээр химийн болон биологийн зэр зэвсэг ашиглаж байгаад харилцан буруутгаж байна. Тэр дундаа Оросын тал Украин дахь Америкийн цэргийн биологийн үйл ажиллагааг хэлэлцэх зорилгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах санал гаргасан байна. 

НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянскийн мэдээлснээр Оросын тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулж, Украины нутаг дэвсгэр дэх Америкийн биологийн лабораториуд, компанийн үйл ажиллагааны талаар хэлэлцэх хүсэлт гаргажээ. Оросын Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээлж байгаагаар Украинд Америкийн талын санхүүжилттэй цэргийн биологийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа баримтууд илрүүлсэн. Тухайлбал аюултай эмгэг төрүүлэгч тахал өвчин, боом, холер зэргийг үүсгэгч химийн болон биологийн материалуудыг яаралтай устгах ёстой гэж үзэж байгаа юм. Энэ талаарх мэдээллийг Украины биологийн лабораторийн эх сурвалжаас энэ улсад явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны үеэр мэдэж авсан талаар Оросын Батлан хамгаалах яам мэдээлж байна. Тэгвэл Украин болон Америкийн талууд энэхүү баримт мэдээллийг эрс үгүйсгэж байгаа юм. Энэ талаарх нөхцөл байдлыг Оросын талын хүсэлтээр Аюулгүйн зөвлөлийн тусгай хуралдаанаар хэлэлцжээ. НҮБ дахь Оросын албаны төлөөлөгч Василий Небензягийн мэдээлснээр хэрвээ Украины нутагт үнэхээр биологийн аюул гамшиг тарих эх үүсвэр байгаа бол энэ нь зөвхөн хоёр улсын хоорондын хэрэг биш, цаашлаад Европын хүн амд аюул учруулахуйц ноцто асуудал гэдгийг тэмдэглэн хэлжээ. Небензя COVID-19 коронавирусний халдвар хэрхэн дэлхий нийтийг хамарсан цар тахал болон дэгдэж, өнөөдөр ч цар тахлын аюул байсаар байгааг сануулж, хэрвээ Украин дахь биологийн компаниудын үйл ажиллагааны эсрэг цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол Европ тивийг, цаашлаад дэлхий нийтийг хамарсан ээлжит биологийн аюул гамшиг дэгдэхийг анхааруулжээ.