Ковид-19

Коронавируст халдварын нөхцөл байдал цаашдаа улам хүндэрнэ гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар хагас сая хүн энэ өвчнөөс болж хорвоог орхиод байна. Халдварын тархалтыг намжаасан гэж зарласан Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон зэрэг улс оронд дахин дэгдэж эхэллээ. Мөн эрдэмтэд энэ өвчинд сүргийн дархлаа гэж байхгүйг тогтоосон. Өөрөөр хэлбэл халдвараас хамгаалахын тулд хүн бүр өөртөө найдах ёстойг анхаарууллаа. Дэлхийн нөхцөл байдлын мэдээллээс одоо хүргэе.

Дэлхий дахин коронавируст халдвар буурахгүй улам эрчимжиж мутацлагдаж байгааг эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал, нийт хүн ам нь ДЭМБ-аас өгч буй цар тахлын эсрэг зөвлөмжийг биелүүлэхгүй байгаагаас болж  зарим улс орнуудад халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Мөн коронавируст халдвар хувьсан өөрчлөгдөж халдварлах чадвар нь 30 хувь  нэмэгдсэн гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨЖ ХАЛДВАРЛАХ ЧАДВАР НЬ 30 ХУВЬ  НЭМЭГДЖЭЭ 

Нэг хоногийн дотор АНУ-д 60 мянга, Энэтхэгт 28 мянга, Бразилд 20 мянган хүн шинээр халдвар авсан нь дэлхийд 24 цагийн дотор өвчлөл хамгийн их нэмэгдсэн эхний гурван улсад бичигдэж байна. Коронавирусний халдвараар өдөрт 160-200 гаруй мянган хүн шинээр өвчилж байгаа энэ үед иргэд анхаарлаа сулруулж болохгүй гэдгийг санууллаа. Гэтэл зарим иргэд дэлхий нийтээр коронавирус гарч сүргийн дархлаа тогтоно. Ингэснээр Монгол Улс ч ялгаагүй сүргийн дархлаатай болж халдвар авахгүй  гэж ярьж байна. Гэтэл дэлхийн эрдэмтэд коронавирусний хувьд сүргийн дархлаа  гэдэг ойлголт байхгүй болж байна гэдгийг судалгаагаар баталжээ. Мөн ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус халдварыг хязгаарлах чиглэлээр улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Цаашид нөхцөл байдал улам дордох шинжтэй байна гэдгийг улс орнуудад сануулжээ.

АНУ ХАЛДВАРЫН ЭХНИЙ ҮЕД АВЧ БАЙСАН ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ДАХИН ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ  

АНУ-д өчигдөр 60,400 гаруй шинэ тохиолдол, 312 нас баралт нэмж бүртгэгдэн, нийт халдвар авсан хүний тоо 3,296,000 гаруй болсноос 134,800 гаруй хүн эндсэн байна. Халдвар тус улсын 40 мужид эрчимтэй өсөж байна. Үүнтэй холбоотойгоор Калифорни мужийн ихэнх газар ресторан, баар, кино театр, худалдааны төв, үсчин, гоо сайхан, сүм зэрэг байгууллагуудын үйл ажиллагааг хаахаар шийдвэрлэж,  дэгдэлтийн эхний үед авч байсан гэрээс гарахгүй байх дэглэмд буцаж шилжихээр болж байна. Мөн халдвар өндөр байгаа Техас мужийн Хьюстон мужид 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Мөн намрын улиралд хичээлийг онлайн хэлбэрээр эхлүүлж, нөхцөл байдал дээрдсэн цагт танхимын сургалтыг оруулна гэж мэдэгдсэн байна.

ЭНЭТХЭГ УЛСЫН НАС БАРАЛТЫН ТООГ ХҮН АМЫН ТООТОЙ ХАРЬЦУУЛАХАД НЭГ САЯД 13 НАС БАРАЛТ БАЙНА  

Энэтхэг Улсад өчигдөр 28,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэн нийт халдвар 878,200 гаруй боллоо. Тус улсад бүртгэгдсэн нийт нас баралт 23 мянга гаруй байгаа ба хүн амын тоотой нь харьцуулахад нэг саяд 13 нас баралт байгаа нь харьцангуй бага гэж үзэж байна. Учир нь АНУ-д нас баралт нэг саяд 400 байгаа бол Бразилд 320 байна.

БРАЗИЛ УЛСАД 1,154,000 ХҮН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААР НАС БАРЖЭЭ

Бразил улсад өчигдөр 20,200 гаруй тохиолдол, 733  нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Тус улсын батлагдсан халдвар 1,884,000 гаруй болсон ба 1,154,000 гаруй нь эдгэрсэн байна. Бразил улс халдвар тархалтын байдлаараа 3-р бичигдэж байгаа юм.

КАЗАХСТАН УЛС ДОЛДУГААР САРЫГ ДУУСТАЛ ХӨЛ ХОРИОГ СУНГАХААР БОЛЛОО

Тус улсад 1,646 шинэ тохиолдол, 23 нас баралт нэмж бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 59,899 болсон байна. Тус улсын Ерөнхийлөгч нөхцөл байдал арай дээрдэж байгаа гэсэн ч халдварын тархалтыг цааш хумихад хөл хорио үр дүнтэй байгаа тул долдугаар сарыг дуустал хөл хориог сунгана гэдгээ мэдэгджээ.

БНСУ-Д “REMDESIVIR” ТАРИЛГЫГ ХЭРЭГЛЭХЭД ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГИЙНХ НЬ БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРЧЭЭ

Солонгос улсад 33 тохиолдол шинээр бүртгэгдсэний 14 нь дотоодын халдвар бөгөөд 11 нь Сөүл орчмын бүс нутагт бүртгэгдсэн байна. Харин хойд Чолла, Чүнчон аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгджээ. БНСУ-д коронавирусний халдвар авч хүндэрсэн өвчтөнүүдэд Remdesivir тарилгыг хэрэглэхэд гурван хүн тутмын нэгийнх нь биеийн байдал сайжирч байсан талаар тус улсын эрүүл мэндийн салбарын удирдлагууд мэдээлсэн байна. Энэ нь дангаараа тарилгын үр дүн үү, эсвэл хавсран хэрэглэсэн эмчилгээ болон өвчтөний дархлаа зэрэг бусад хүчин зүйлээс шалтгаалсан эсэхийг гэдгийг нарийвчлан судлахаа мэдэгджээ.