Ковид-19

Долдугаар сарын 15-нд вирус судлалын лабораторид 184 хүний сорьцод шинжилгээ хийхэд  бүгдэд нь коронавируст халдвар илрээгүй сөрөг өдөр байлаа. Мөн сайн мэдээтэй. 2 хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжиж байна.  Ингэснээр батлагдсан 261 тохиолдол байгаагаас 209 хүнийг бүрэн эдгэлээ.

ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораториудад нийт 184 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.  Өнөөдөр ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Тодруулбал тавдугаар сарын 29-нд ОХУ-аас ирж, онош нь батлагдсан 20 настай оюутан эмэгтэй 40 хоног, Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 30 настай эмэгтэй 34 хоног эмчлүүлэн эдгэрчээ.

Эмчилгээнд байгаа 52 хүний биеийн байдлыг үнэлбэл 51 нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн 2 онгоцоор ирсэн 428 хүнээс гурвыг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан байна. Ирсэн хүмүүсийн сорьцыг цуглуулах ажил эхэлсэн гэдгийг ХӨСҮТ-ын ерөнхий захирал Д.Нямхүү  тодотголоо.  

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ