Ковид-19

Вьетнам Улсад 100 хоногийн дараа коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдлээ. Аялал жуулчлалын төв Да Нан хотоос Бямба гаригт коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэн онц байдлын зэргийг нэмэгдүүлсэн байна.

Халдвар авсан 57 настай Да Нан хотын иргэний ойрын хавьтал болох 100 иргэнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. Ингэснээр энэ улсад нийт батлагдсан халдварын тохиолдол 416 байна. Түүнийг эмчлэхээр нийслэл Ханой хотоос эмчилгээний баг бүрэлдэхүүн явуулсан байна. Халдвартай иргэн шинж тэмдэг илрэхээс хэдэн өдрийн өмнө ээжийгээ дагуулан эмнэлэгт очсон. Одоогоор хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна.

Хонконг Засаг захиргааны бүсэд ч бас гэнэт дотоодын халдвар бүртгэгдэж эхэлсэн нь олон нийтийн дунд сэрэмжлүүлэг болж байгаа. Вьетнамд 1-р сарын 23-нд халдварын анхны тохиолдол батлагдаж 3-р сарын сүүлээр бүх өвчтөн эдгэрсэн гэдгээ зарласан. Үүнээс хойш зөвхөн гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 150 гаруй халдварын тохиолдол бүртгэгджээ. Зарим оронтой хилээ нээхээр төлөвлөж байсан энэ үед дахин дотоодод халдвар тархсан нь эрх баригчид болон иргэдийг хараа хяналтаа сулруулж болохгүйг санууллаа.