Ковид-19

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс АНУ-ын зарим мужууд баар, цэнгээний газруудаа хаах шийдвэр гаргасан. Шийдвэр гарсны дараа өдөртөө бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол буурч эхэлсэн байна. Тус улсад халдвар авсан хүний тоо 4.2 саяд хүрээд байгаа юм. Харин дэлхий дахинд  24 цагийн хугацаанд 226 мянган хүн нэмж халдвар аван, өвчилсөн хүний тоо 16.6 саяд хүрлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 226 мянга гаруй хүний шинжилгээний хариу эерэг гарч, 4000 мянган хүн халдварын улмаас нас барсан гэдгийг ДЭМБ-аас мэдээллээ. Ингэснээр өвчилсөн хүний тоо 16.6 /16,643,046/ саяд хүрсэн бол цар тахлын улмаас 659,769 хүн нас баржээ.

АНУ-д 24 цагийн хугацаанд 54 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, өвчилсөн хүний тоо 4.2 саяд /4,280,135/ хүрчээ. Харин ковид-19 улмаас 149,256 хүн нас барсан байна.

Бразилд 40 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр халдвар авсан хүний тоо тус улсад 2,4 /2,483,816/ саяд хүрлээ. Харин 88,539 хүн цар тахлын улмаас нас баржээ.

Энэтхэгт 24 цагийн хугацаанд 49,622 тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчилсөн хүний тоо 1,532,125 хүрсэн бол 33,425 хүн нас барсан байна.

ОХУ-д 822,060 хүн өвчилж, 13,483 хүн нас баржээ.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ ЗАРИМ УЛС ОРНУУД ЗӨВЛӨЖЭЭ

Коронавируст халдвартай тэмцэх тэмцлээ дэлхийн улс орнууд үргэлжлүүлсээр байна. Мөн харилцан туршлагаа хуваалцаж байна. Тухайлбал Австрали, Япон зэрэг улс орнууд эрт илрүүлэх, эрт тусгаарлах, эмчлэх зэрэг цогц арга хэмжээ авах үр дүнтэй болохыг мэдэгджээ. Хамгийн гол нь иргэд бэлэн байдлаа хангах чухал гэсэн байна. Үүнээс гадна улирлын томуугийн вакцинд хүн амаа хамруулахыг зөвлөлөө. Учир нь ирэх 10-р сараас томуугийн дэгдэлт эхэлнэ. Энэ нь коронавируст халдвартай хавсарч, тухайн хүн хүндээр өвчлөх эрсдэл өндөр гэдгийг анхаарууллаа.

АНУ: БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ХААСАН НЬ ХАЛДВАР БУУРАХАД НӨЛӨӨЛСӨН БАЙНА

АНУ-д өчигдөр нийт 54 мянга гаруй халдвар илэрчээ. Гэхдээ зарим мужуудад эмнэлэгт хандах болон халдвар авсан хүний тоо буурч эхэлсэн байна. Баар, цэнгээний газрууд болон хүн олноор цуглардаг үйлчилгээний байгууллагуудыг хаасан нь халдвар авах хүний тоо багасхад нөлөөлжээ. Мөн өндөр эрсдэлтэй газруудыг улаан бүс болгож, тухайн бүсэд халдвараас сэргийлэх ажлуудыг түлхүү явуулна гэсэн байна.

ТОКИОД 266 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЛЭЭ

Азийн зарим улс орны мэдээллээс хүргэе. Япон улсад 598 шинэ тохиолдол бүртггэгджээ. Үүний 397 нь Канто бүсэд, 266 нийслэл Токиод бүртгэгдсэн байна. Харин БНСУ-д 48 тохиолдол бүртгэгдсэний 34 гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Харин 14 дотоодын халдвар байжээ. Хонконгод 106 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Нийт халдварын тоо тус улсад 2800-д хүрсэн бол 23 хүн нас баржээ. Өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор бүх хүнийг маск зүүхийг анхааруулж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.