Ковид-19

АНУ-д 49 мянган хүн нэмж халдвар авч, өвчилсөн хүний тоо 4.8 саяд хүрлээ. Олон улсын байгууллагаас өөрсдийн байгаль цаг уур, газар оронд тохирсон хариу арга хэмжээ авахыг зөвлөж байгаа. Энэ дагуу АНУ-д муж, хот болгон өөр байдлаар Коронавируст халдвартай тэмцэж эхэллээ. Тухайлбал, Чикагод хичээлийг 100 хувь цахимаар явуулах шийдвэр гаргасан байна. Харин дэлхий дахинд нийт тохиолдлын тоо 18.7 саяд хүрчээ. 

24 цагийн хугацаанд халдвар авсан хүний тоо 206 мянгаар, нас баралт 5000 гаруй тохиолдлоор нэмэгдлээ. Ингэснээр өвчилсөн хүний тоо 18,738,350 хүрсэн бол коронавируст халдварын улмаас 706,342 хүн нас бараад байна.

ХАЛДВАРЫН УЛМААС 706 МЯНГА ГАРУЙ ХҮН НАС БАРЖЭЭ 

АНУ-д 49 мянган хүний хариу эерэг гарч, халдвар авсан нь батлагдсан байна. Ингэснээр нийт тохиолдлын тоо тус улсад 4.8 саяд  /4,821,296/ хүрлээ. Харин 158,170 хүн цар тахлын улмаас амь насаа алджээ. Өдөртөө бүртгэгдэж байгаа тохиолдлын тоонд үндэслэж тус улсын  Халдварт өвчин судлалын төвөөс өвчлөл буурч эхэлж байгаа гэдгийг мэдээлжээ.

Харин Бразилд эсрэгээрээ өвчлөл хурдацтай нэмэгдэж байна. 24 цагийн хугацаанд тус улсад 57 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Нийт халдвар авсан хүний тоо Бразилд 2.8 саяд /2,859,073/ хүрсэн байна. Мөн 97,256 хүн энджээ. 

Энэтхэгт өчигдөр 56 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж халдвар авсан хүний тоо 1.9 саяд /1,908,254/ хүрчээ. Харин цар тахлын улмаас тус улсад 39,795 хүн нас бараад байна. 

ОХУ-д 5000 гаруй хүн нэмж халдвар авсан байна. Өвчилсөн хүний тоо 864,948 хүрсэн бол 14,465 хүн халдварын улмаас нас баржээ. 

Н95 АМНЫ ХААЛТЫГ АРИУТГАЖ ДАХИН ХЭРЭГЛЭЖ БОЛНО

Сүүлийн үед хийгдсэн зарим судалгааны мэдээллээс хүргэе. Н95 амны хаалтыг 50 хувийн чийгтэй, 70 хувийн химийн халуунаар 60 удаа ариутгахад вирус устаж байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс Н95 амны хаалтыг 10 удаа ариутган хэрэглэж боломжтой гэсэн судалгааг эрдэмтэд хийжээ. Мөн энэ 7 хоногт хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн өдөр тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор 0-2 настай хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь халдвараас сэргийлэхэд чухал гэдгийг ДЭМБ-аас зөвлөсөн байна. 

АНУ-ЫН ЗАРИМ МУЖУУД ХИЧЭЭЛИЙГ 100 ХУВЬ ЦАХИМААР ЯВУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

АНУ-д өдөртөө эмнэлэгт хандах хүний тоо буурч эхэлжээ. Сүүлийн 24 цагт тус улсад 49 мянга гаруй хүн нэмж халдвар авсан байна. Тус улсын хувьд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжид үндэслэж муж хотууд өөрсдийн онцлогт тохирсон арга хэмжээг авч эхлээд байна. Тухайлбал Чикагод 2020-2021 оны хичээлийн жилд сурагчид 100 хувь цахим сургалтад хамрагдана гэдгийг мэдэгджээ. Харин Вашингтод ядуу, эмзэг бүлгийн 1000 хүүхдийг коронавируст халдварын илрүүлэг шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний дүнгээс үзэхэд ядуу, эмзэг бүлгийн айл өрхийн хүүхдүүд халдвар авах эрсдэл өндөр байгаа нь тогтоогдсон байна. 

ЯПОН УЛСАД 1357 ХҮН НЭМЖ ХАЛДВАР АВЧЭЭ

Азийн зарим улс орны мэдээллээс хүргэе. БНХАУ-д Лхагва гарагт 27 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин Япон улсад сүүлийн 21 хоногт халдвар эрчимтэй тархах болсон. 24 цагийн хугацаанд нийт 1357 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Мөн Нагояд халдварын хоёр дахь давалгаа эхэлснийг зарлаж, зарим арга хэмжээг авч эхэлсэн байна. Тухайлбал хүн амын дунд халдвар тархахаас сэргийлж хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргажээ.