Эртний бие давхар занданшуулсан шарил олжээ

Энтертэйнмент

Эртний Египт судлалын мэргэжилтнүүд орчин үеийн техник тоног төхөөрөмжийн тусламжтай нэгэн ховор олдвор олж нээжээ. Польшийн Египт судлаачид Варшав хотын Үндэсний музейд хадгалагдаж байсан эртний занданшуулсан шарилыг орчин үеийн компьютер томографаар оруулан шинжилж, эртний Египтийн мумми бие давхар эмэгтэй байсныг тогтоосон байна.

Варшав хотын Үндэсний музейд хадгалагдаж байдаг эртний Египтийн занданшуулсан шарилыг энэ улсын судлаачид 2015 оноос эхлэн судалж, дээрх нээлтийг хийсэн байна. Польшийн судлаачид музейд эртний Египтийн санваартан Гор Жехутийн занданшуулсан шарил гэх шарилыг рентген аппаратаар оруулан нарийвчлан судлах үед дотор нь ойролцоогоор 26-28 долоо хоногтой, жирэмсэн эмэгтэйн шарил байгааг олж тогтоожээ. Энэ шарилыг манай эриний 1-р зууны үеийн, эртний Египтийн Фивах орчмоос олдсон шарил гэж үздэг байна. Польшийн судлаачид эртний муммиг 2016 онд компьютер томографын аппаратаар оруулан судалсан нь шарилын хайрцаг дотор эртний санваартны шарил биш харин бие давхар, дотроо ураг тээж явсан эмэгтэйн шарил байгааг харуулсан байна. Улмаар судлаачид эртний шарил нь МЭӨ 1-р зууны үед нас барсан 20-30 насны эмэгтэйнх байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн нь бие давхар олдсон анхны занданшуулсан шарил болжээ. Энэхүү занданшуулсан шарилыг 1826 онд Варшавт авчирч, Үндэсний музейд байрлуулжээ.