Эдийн засаг

Бага цалинтай, ажил хөдөлмөр, өндөр зардалтай бизнес эрхэлж өндөр санхүүгийн түрээс болон зээлийн хүү төлж байгаа иргэдэд зориулсан зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хуулийн төслийг 2018 онд С.Эрдэнэ гишүүн санаачилж байсан.  Тэгвэл уг хуулиар банкуудын сүүлийн 30 жил монополь явж ирсэн байдлыг хязгаарлаж хуулиар зээлийн хүүгийн дээд  хэмжээг тогтооно гэж байна. Харин энэ хязгаараас хэтэрвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ хэмээн хууль санаачлагч хэлж байгаа юм.  Хуулийн төслийг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор оруулах товтой байна.  

Энэ оны зургаан сард Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран өрхийн нийгэм эдийн засгийн байдалд үндэслэн ядуурлын түвшиг тогтоосон байдаг. Уг судалгаагаар Монгол улсын гурван хүн тутмын нэг нь ядуу гэж тогтоогдохоос гадна ядуу иргэдийн 60 орчим хувь нь зээлтэй гэх судалгааг гаргасан юм. Тэгвэл арилжааны банкуудаас гарсан зээлийн нийлүүлэлт сүүлийн 11 жилд 2 их наяд төгрөгөөс 13.6 их наяд төгрөгт хүртлээ өссөн байна. Өөрөөр бол арилжааны банкуудаас гарч байгаа зээлийн хэмжээ 6.8 дахин нэмэгдсэн гэсэн үг. Үүнээс гадна арилжааны банкуудын зээлийн хүү сүүлийн 8 жилээр авч үзвэл 0.8 пунктээр өссөн байна. Зээлийн хүүг бууруулах, арилжааны банкуудын монопол байдлыг зогсоох асуудлыг манай улс сүүлийн 20-иод жил ярьж байгаа ч ямар нэг шалтгаанаар гацсаар ирсэн. Тэгвэл УИХ-ын эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хуулийн төслийг хэлэлцэх юм.

Арилжааны банкуудын зээлийн хүүг хуулиар тогтоох боломжгүй тул зах зээлийнхээ жамаар буулгах нь зүйтэй гэж төв банкны удирдлагууд үзэж байгаа. Тиймээс Төв банкнаас зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулан ажиллаж байгаагаа ч мэдэгдсэн. Харин зээлийн хүүгийн хязгаар тогтоох хуулийн төсөлд арилжааны банкны зээлийн хүүгийн дээд хэмжээ жилийн 18 хувь, сарын 1.5 хувь байхаар тусгасан бол банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн дээд хэмжээ 35 хувь байхаар тооцжээ. Энэ нь өнөөдрийн байгаа хүүг 1-2 дахин бууруулсан дүн юм.