ГРЕК УЛС ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТЫН САНГААС 30,5 ТЭРБУМ ЕВРОГИЙН ТУСЛАМЖ АВНА

Улс төр

Грек улс ЕХ-ны сэргээн босголт, тогтвортой байдлын сангаас 30,5 тэрбум евро авахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен батлан мэдээлсэн байна. Грек орноос өмнө цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөрөөс Итали, Испани, Португали улсууд 750 тэрбум еврогийн зээл тусламж авахаар болжээ. ЕХ энэхүү хөтөлбөрийг өнгөрсөн 2020 оны 7-р сард батлан, цар тахлын эрсдлийг бууруулахаар нэгдсэн сан байгуулсан юм. 

Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Грекийн нийслэл Афин хотын Акрополийн дэргэд хийсэн мэдэгдэлдээ: -Бид Европын цаашдын хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангах асуудлыг хэдэн арван жилээр урагшлуулан харж төлөвлөж байна. Бид эдийн засгаа тоон форматад шилжүүлж байна. Европын “ногоон хөгжил” ч биеллээ олж байгаа юм. Бид цаашдаа хамтдаа хөгжиж, хүчирхэг байдлаа хадгалах хэрэгтэй. Үүний тулд баталсан төлөвлөгөөний хүрээнд өнөөдөр 800 тэрбум евро төвлөрүүлээд байна гэжээ.

Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакис: -ЕХ гишүүн улс орнуудынхаа хүрээнд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж, амьдрал дээр биеллээ олоод явж байгаад баяртай байна. Бид эрсдэлгүй ирээдүйн төлөө одооноос хичээн ажиллах нь зүйтэй гэдгийг тэмдэглэсэн байна.