Кабулын нисэх буудалд 7 хүн бусдын хөлд дарагдан амиа алджээ

Улс төр

Афганистаны нийслэл Кабул хотод талибаны зэвсэгт бүлэглэл цөмрөн орсны дараагаар энэ улсын иргэд эх орноо орхин дүрвэхээр олноороо тэмүүлж, улсынхаа нисэх буудалд үймээн самуун дэгдээснийг үзэгч та мэдэж байгаа. Тэгвэл Кабул хотын нисэх буудалд дэгдсэн үймээн самууны үеэр 7 хүн олны хөлд гишгүүлж амиа алдсан байна.

Энэ талаар Их Британийн батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Афганистаны нийслэл талибуудад эзлэгдсэний дараа хэдэн зуун хүн Кабулын нисэх буудлыг зорьж, Европ руу дүрвэхийг хүссэн юм. Тэдний дийлэнх нь гадаад паспорт байтугай биеийн байцаалтгүй байсан учраас НАТО-ийн цэргийнхэн арга буюу иргэдийг замд нь саатуулан зогсооход хүрсэн юм. Энэ үеэр нисэх буудал руу орох гарц болоод хамгаалалтын хананы дэргэд хэдэн зуун хүн цуглан үймж, хэдэн хоногийн туршид иргэд гадагшаа явахаар тэмүүлжээ. Тэгвэл иргэдийн хэт бөөгнөрөл, шахцалдааны улмаас 7 хүн амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.