Эдийн засаг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар иргэн, аж ахуй нэгжүүдийн зээлийн хүүг бууруулах боломжийг судлан уг асуудлыг хэлэлцлээ. Улмаар Төв банк мөнгөний бодлогын хүүгээ 1 пунктээр буулгасан бол арилжааны банкууд заавал байлгах нөөцийг 2 пунктээр буулгалаа. Ингэснээр төрөөс арилжааны банкууд зээлийн хүүгээ бодитоор бууруулах боломжийг бүрдүүлж байгааг сангийн сайд онцоллоо. Мөн банк бус санхүүгийн байгууллагууд зээлийн хүүндээ өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгааг хэллээ.

Арилжааны банк болоод банк бус санхүүгийн байгууллагаас олгож байгаа зээлийн хүү хэт өндөр байдаг нь нийгмийн эмзэг сэдэв болсоор удаж байна. Зээлийн хүүг бууруулах, хүүгийн хязгаар тогтоох асуудал зарим улстөрчдийн иргэдээс оноо авах хэрэгсэл болсон гэхэд ч буруудахгүй.  Тэгвэл дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусээс сэргийлж улс даяар онцгой дэглэм тогтоогоод байгаа өнөөгийн нөхцөлд зээлийн хүү буурах бодит боломж бүрдлээ. Тодруулбал засгийн газрын өнөөдрийн хурлаар зээлийн хүүг бууруулах боломжийг судлан хэлэлцлээ. Улмаар Төв банк мөнгөний бодлогын хүүгээ бууруулахаас гадна арилжааны банкууд заавал байлгах мөнгөний нөөцийнхөө хэмжээг бууруулсан байна.

ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХЭДЭН ХУВИАР БУУРУУЛАХЫГ АРИЛЖААНЫ БАНКУУД ШИЙДНЭ

Төв банк бодлогын хүүгээ бууруулж байгаа нь арилжааны банкууд хүүгээ буулгах бодит боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Засгийн газар хувийн хэвшилд хүүгээ тэр хэмжээнд буулга гэх үүрэг чиглэл өгөх эрх байхгүй. Гэхдээ зээлийн хүүг бууруулах боломжийг бодлогоор бүрдүүлж байгаа тул банкууд иргэн, аж ахуй  нэгжээс авч байгаа хүүгээ хэр хэмжээнд буулгахыг шийдвэрлэх юм. Үүнээс гадна банк бус санхүүгийн байгууллагууд зээлийн хүү, төлбөр хураамж, шимтгэлээ буулгах боломжийг судлаж байгааг хэллээ.

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж хилээ хааж уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо зогсоосон нь манай улсын эдийн засагт чамгүй цохилт үзүүлж байгааг холбогдох хүмүүс хэлж байгаа. Улмаар төсөв тодотгох замаар зарим нэг зардлыг танах шаардлагатай гэх байр суурийг зарим эдийн засагчид онцолсон. Харин Сангийн сайдын зүгээс агшиж байгаа эдийн засгийг улам танах нь буруу тул тодотгол хийхгүй гэдэгээ удаа дараа мэдэгдсэн. Учир нь Хүрэлсүхийн засгийн газар дээрх хэмжээний эрсдэлийг даах хэмжээнд эдийн засгаа сайжруулсан гэдгийг онцоллоо.

ОУВС-гаас Коронавирусийн тархалттай өнөөгийн үед улс орнуудын эдийн засагтаа авч хэрэгжүүлж байгаа бодлогыг судласан байна. Уг судалгаанд манай улсын эдийн засгийн бодлого вирусээс сэргийлж байгаа өнөөгийн нөхцөлд маш зөв явж байгааг онцолжээ. Тиймээс улсын эдийн засаг хүндрэх нөхцөл байхгүй тул иргэд сандарч үймэх, хүнс нөөцлөх шаардлага байхгүйг сангийн сайд хэллээ.