Эдийн засаг

Коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан дэлхийн эдийн засагт хүчтэй цохилтууд өгч байна. Санхүүгийн хохирол амсахгүйн тулд хөл хорио тогтоох арга хэмжээ аваагүй улс орнуудын хувьд өвчний тархалт нэмэгдэж, байдал хүндэрсээр байгаа юм. Манай улсын хувьд хилээ хааснаар уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын орлого сарын дотор 439 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Шинэ коронавирус буюу Covid-19-ийн халдвараас сэргийлэх зорилгоор өнгөрсөн 1-р сарын 31-ний өдөр засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Урд хөрштэй хиллэх хилээ хаах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор улсын эдийн засгийн гол хөшүүрэг болох уул уурхайн бүтээгдэхүүний экспорт зогссон. БНХАУ руу гаргадаг экспорт нь манай улсын нийт экспортын дүнг 84.7 хувийг бүрдүүлдэг юм. Тэгвэл хил хаасантай холбоотойгоор сарын хугацаанд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын орлого 439,2 тэрбумаар буурчээ.

УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ОРЛОГО 439,2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУУРСАН БАЙНА

Үүнээс гадна агаарын болон төмөр замын тээврийн орлого буурсан үзүүлэлттэй гарсан байна. Агаарын тээврээр хийгдэх ачаа өнгөрсөн 2 р сарын байдлаар 182,7 тонн болж өмнөх сараас 259 тонноор буюу 58,6 хувиар буурчээ.

Коронавирусийн халдвараас сэргийлж агаарын тээврийг хязгаарласантай холбоотой олон улсад нисэх зорчигчид 10,8 мянган хүнээр буурсан байна. Уг бууралтад Улаанбаатар Бээжин чиглэлийн зорчигчид тал хувийг нь эзэлжээ.