Эдийн засаг

Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн мэдээлэл хүргэлээ. Нэг өрхийн бодит мөнгөн орлого 1.2 сая төгрөгт хүрсэн гэдгийг онцолсон байна. Өнгөрсөн хугацаанд шат дараатай нэмэгдүүлсэн тэтгэвэр болон цалингийн өсөлт голлон нөлөөлжээ.

Энэ оны эхний 7 сарын байдлаар нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 28.1 мянга байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар, өмнөх сараас 7.7 хувиар буурчээ. Энэ сард ажилгүй 5,165 хүн шинээр бүртгүүлж 1310 хүн ажилд зуучлагдан орсон байна. Харин нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж өмнөх оны  мөн үеэс 69.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг ҮСХ-оос мэдээллээ.

Мөн үүнээс гадна хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өссөн гэдгийг ҮСХ-ноос мэдээллээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.5 хувиар, өмнөх оны эцсээс 3.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үнэ өмнөх сараас өсөхөд хүнсний бараа, ундаа, хувцас, бөс бараа, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ өссөн нь нөлөөлжээ. 

Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого тусламжийн хэмжээ  5.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого тусламж нь 4.9   их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.1 хувийг эзлэж байгаа юм. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.4 их наяд төгрөг болж тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан болохыг ҮСХ-ноос мэдээллээ.