Эдийн засаг

Өнгөрсөн оны 12-р сард НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслөө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын даргад өргөн барьж байсан. Түүний өргөн барьсан хуулийг УИХ-аар хэлэлцсэн ч олонхийн дэмжлэг авч чадалгүй унаж байсан удаатай. Тэгвэл тэрээр уг хуулийн төслөө УИХ-ын даргад дахин өргөн барилаа. Учир нь шинэ парламент, шинэ засгийн газар бүрдэн ажиллаж байгаа тул хуулийн төслийг дахин хэлэлцэж иргэн, аж ахуй нэгжүүдэд учруулж байгаа татварын дарамтыг багасгах ёстой гэлээ.

Дэлхий нийтэд тархаад байгаа КОВИД-19 цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч иргэдийн орлого буурч байгаа. Гэхдээ НӨАТ-ын хувь хэмжээг буулгана гэдэг эдийн засагт хор хохиролтой хэмээн Сангийн сангийн сайд хэлж байсан удаатай юм.

НӨАТ-аас 2.6 их наяд төгрөгийн орлогыг улсад төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан хуулийн төсөл батлагдвал нэг их наяд төгрөгөөр татварын орлого буурч тэр хэмжээний мөнгө иргэн, аж ахуй нэгжүүдэд үлдэх тооцоог гаргажээ. Гэхдээ өмнөх парламентаар хэлэлцэгдэж байсан ч чуулганы босгыг даваагүй уг хуулийн төслийг энэ парламент хэлэлцэн дэмжиж өгнө хэмээн найдаж байна гэж хууль санаачлагч онцолсон юм.