Эдийн засаг

Монгол улсыг 40 жил тэжээсэн Эрдэнэт үйлдвэрийг өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаанд тавьж зээл авснаар Сингапурын компани болох эрсдэл үүсээд байсан.

Учир нь Жаст компанийн захирал Ш.Батхүү тэргүүтэй хүмүүс авсан зээлээ бүрэн төлөөгүйн улмаас олон улсын арбитрын шүүхэд  удаа дараа ялагдаж эцэст нь үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам доллар гарган төлсөн юм. Энэ асуудалтай холбоотойгоор эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгож тус үйлдвэрт санхүүгийн онцгой дэглэм тогтоогоод байсан юм. Тэгвэл  одоог хүртэл захиргааны хэргийн шүүх дээр маргаан эцэслэгдээгүй тул онцгой дэглэмийг сунгах хэрэгтэйг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэллээ.

Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг сунгах асуудлыг эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж гишүүдийн олонхи дэмжин нэгдсэн чуулганаар оруулсан юм. Чуулганы хуралдаанаар эрдэнэт үйлдвэрийн асуудлыг хэлэлцэж эхлэхэд зарим гишүүд картаа сугалан гарсан тул УИХ ын дарга ёс зүйн хороогоор хэлэлцэхээ мэдэгдсэн юм.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг 402,4 сая ам доллараар худалдан авахдаа төрийн мөнгө оролцуулж мөнгө угаасан асуудал гарсан. Үүнийг шүүхээр тогтоож холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцох шатандаа явж байгаа. Харин зээл авсан гол эзэн Жастын Батхүү эрдэнэт үйлдвэрийн удирдлагад хаяглан захидал илгээсэн байна. Өөрт байгаа үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар үйлдвэрийн эрсдэлийн сангаас гаргасан 40 сая долларыг төлж барагдуулах хүсэлтээ илгээжээ.