Эдийн засаг

Монгол Улсын засгийн газар ирэх оны улсын нэгдсэн төсөв боловсруулж дууссан байна. Улсын их хурал анх удаа нэгдсэн төсвийн зарлагыг дураараа нэмэгдүүлэх боломжгүйгээр хэлэлцэх юм. Засгийн газрын хувьд зарлагаа хоёр дахин бууруулж чадсан бол зэс, нүүрсний орлого нэмэгдэх тооцоог хийсэн байна. Мөн төсөвт коронавируст халдварын эсрэг вакцин гарвал яаралтай худалдан авах хөрөнгийг шийдвэрлэн тусгажээ.

Засгийн газрын хуралдаанаар 2021 оны Улсын төсвийг хэлэлцэж УИХ-ын даргад өнөөдөр өргөн барихаар боллоо. Ирэх онд улсын төсвийн алдагдлыг төсөөлж байснаас хоёр дахин бууруулан тусгасан байна.

Харин орлогыг төсөөлж байсан хэмжээнээс нэмэгдүүлсэн нь хилээр гарах нүүрсний экспорт, зэсийн борлуулалт нэмэгдэх төлвөөс хамаарч орлогыг өөдрөгөөр төсөөлжээ.

Ирэх онуудад төлөгдөх томоохон бондын төлбөрүүд байгаа бөгөөд зөвхөн хүүнд нь 1.1 их наяд төгрөг төлөгдөх юм. Гэхдээ улсын төсөвт дарамт учруулахгүйг Сангийн сайд онцоллоо. Учир нь бага хүүтэй илүү уян хатан нөхцөлтэй өөр бондоор солих арга хэмжээ авч байгааг хэллээ.

Харин Ковид-19 халдварын эсрэг вакцин батлагдсан тохиолдолд Дэлхийн банкны 50 сая долларын нэн хөнгөлөлттэй зээлээр авахаар шийдвэрлэж байгаа юм байна. Засгийн газраас өргөн баригдах төсвийн төсөлд орлого 11.8 их наяд, зарлага 13.9 их наяд төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг байхаар тусгажээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ