Эдийн засаг

Манай улс ФАТФ олон улсын байгууллагын эдийн засгийн саарал жагсаалтаас гарахаар болсон. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг бүх арга хэмжээг авч олон улсын байгууллагаас өгсөн шалгуурыг бүрэн хангасан гэж үзсэн байна. Саарал жагсаалтаас гарснаар гадны хөрөнгө оруулагчдыг саадгүй татах, аж ахуй нэгжүүдийн гадаад зах зээл рүү хийх өндөр дүн бүхий гүйлгээ хурдтай явагдах боломж дахин нээгдлээ.

Өчигдөр орой Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хурал зохион байгуулагдсан. Онлайн байдлаар болсон тус хуралд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгчид оролцсон байна. Хуралдаанд АНУ болоод Английн сангийн яам, БНХАУ-ын Ардын банк буюу төв банк, Евро Азийн мөнгө угаах терроризмын эсрэг зөвлөлүүд Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах саналаа илэрхийлсэн байна. Улмаар 100 хувийн саналаар дэмжигджээ.

СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРСНААР ОЛОН УЛСЫН ГҮЙЛГЭЭ ХЯНАЛТГҮЙ ХИЙГДЭНЭ

Манай улс саарал жагсаалтад багтсанаар зээлчих зэрэглэл буурсан гэх мэдээлэл цацагдаж байсан. Харин зээлжих зэрэглэл буурсан зүйл байхгүй гэдгийг Сангийн сайд онцлон хэлж байгаа юм. ФАТФ байгууллага манай улсыг саарал жагсаалтаас гаргах албан ёсны хариугаа баталгаажуулсан тохиолдолд олон улсын гүйлгээнд тавигдах хяналт зогсох юм.

Монгол Улс банк санхүүгийн системээ сайжруулж шинэчлэл хийх, авлига албан тушаал, мөнгө угаах гэмт хэргийг таслан зогсоох, хэргийн шийдвэрлэлтийг сайжруулах гээд олон чиглэлд үр дүнтэй ажлуудыг хийсэн гэж ФАТФ байгууллагын төлөөллүүд үзжээ. Цаашид ч ФАТФ байгууллагаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн ажиллах боломжтой улс гэж үнэлсэн байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ