Боловсрол
Манай улс 1400-аад жилийн өмнөөс 10 гаруй бичиг үсгийг хэрэглэж өнөөдрийг хүрсэн байдаг. Үүнээс хамгийн удаан тогтвортой хэрэглэж ирсэн нь уйгуржин Монгол бичиг юм. Гэвч орчин цагт монгол бичгийн хэрэглээ хангалтгүй байгаа тул 2025 оноос эхлэн үндэсний бичгийг өргөн хэрэглэж, төрийн алба хаагч нар хос бичгээр албан бичиг хөтөлдөг байх МУ-ын ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Харин төрийн алба хаагч нарын үндэсний бичгийн мэдлэг өнөөдрийн байдлаар төдийлөн хангалтгүй байгаа нь судалгаагаар гарчээ. 
2020 оны тооллогоор улсын хэмжээнд 205 мянган төрийн алба хаагч байгаагаас 45 мянга нь тусгай алба хаагчид байгаа тул судалгаанд хамруулаагүй байна. Харин үлдсэн 160 мянга гаруй төрийн алба хаагчийг судалгаанд оролцуулахад тал хувь нь Монгол бичгээ мэдэхгүй гэжээ. Тиймээс одооноос эхлэн төрийн алба хаагч нарын үндэсний бичгийн мэдлэгийг сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.  Жил бүрийн 5-р сарын эхний долоо хоногийн ням гарагт үндэсний хэл бичгийн өдөр тохиодог. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс энэ өдөр олон ажлыг зохион байгуулахаас гадна төрийн алба хаагч нарын монгол бичгийн мэдлэгийг улам сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэйг хэллээ.