Ирэх 10,11-р сараас 2 болон 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар төлөвлөж байна

Боловсрол

Улсын хэмжээнд 2-3 насны 152 мянган хүүхэд энэ жил цэцэрлэгт хамрагдаж чадалгүй гэртээ байна.

Боловсролын сайдын тушаалаар дээрх насны хүүхдүүдийг бүртгэхгүй гэх асуудлыг цэцэрлэгийн удирдлагууд хэлж байгаа.

Мөн өдөр өнжүүлэх төвүүд ажиллахгүй байгаа тул хүүхдээ харах хүнгүй эцэг эхчүүд ажлаасаа гарах тохиолдол ч гарсаар байгааг цахим сүлжээнд бичиж байна.

Тэгвэл 2 болон гурван настай хүүхдийг халдварын эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр ирэх 10,11 сараас цэцэрлэгт хамруулах асуудлыг ярьна гэж салбарын сайд хэллээ. 

Цаашид манай улс хүүхдийг хэдэн настайгаас цэцэрлэгт авахыг удахгүй хэлэлцэх боловсролын багц хуулиар шийдэхээр болжээ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага хүүхдийг 2 настайгаас авах уу 3 настайгаас хамруулах уу гэдгийг уг хуулиар шийднэ гэлээ.

Халдварын эрсдэлийн үнэлгээг цэцэрлэг бүр дээр хийхээр төлөвлөсөн байна. Ирэх саруудад халдварын тархалт бага зэрэг буурвал цэцэрлэгийн насны хүүхдүүдээ нэмэлтээр авахаар төлөвлөж байгаа ч тодорхой хугацаа хэлэх боломжгүй байна гэлээ.