КАНАДЫН ЕРӨНХИЙ САЙД PFIZER ВАКЦИНЫ ҮЙЛДВЭРЭЭР ЗОЧИЛЖЭЭ

Ковид-19 /дэлхий/

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Европт хийж байгаа айлчлалынхаа төгсгөлд Бельги улсад байрлах Пфайзер нэрийн вакцины үйлдвэрээр зочилжээ. Брюссель хотноо Их Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Жастин Трюдо Канад улс өнгөрсөн хугацаанд дэлхийн ядуу буурай улс орнуудад цар тахлын эсрэг 2,5 сая долларын вакцин хандивласан талаараа мэдээлсэн юм.

Жастин Трюдо Бельги улс дахь Пфайзер нэрийн вакцины үйлдвэрээр зочлохдоо Европын хамтрагчдаа хүн амаа цар тахлын халдварын эсрэг вакцинжуулахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлжээ. Канадын ерөнхий сайд вакцины үйлдвэрээр зочлох үеэрээ үйлдвэрийн удирдлагууд болон ажилтнуудад нь талархал илэрхийлж байжээ. Түүнд вакцин хэрхэн үйлдвэрлэгдэж байгаа шат дамжлага, үйл явцыг харуулж танилцуулсан байна. Бельги дэх вакцины үйлдвэрээс Канад улс руу өнгөрсөн хугацаанд нийтдээ 11,6 сая тун вакцин нийлүүлжээ.