Эрүүл мэнд

Азийн хөгжлийн банкнаас Эрүүл мэндийн салбарт анхны олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж талууд гэрээнд гарын үсэг зурлаа. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажил хийгдэнэ гэдгийг салбарын сайд онцоллоо.

Эрүүл мэндийн чанар, хүртээмжийг сайжруулах төслийн гэрээнд гарын үсэг зурснаар мэс засал, эх барих, эмэгтэйчүүд болон бусад үйлчилгээг үзүүлэх дүүргийн нэгдсэн эмнэлгийг Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт барих боломжтой болж байна. Үүнээс гадна Ховд, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөжүүлж, нийслэлд 10, орон нутагт 6 эрүүл мэндийн төвийг байгуулна.

Нийт 158.3 сая ам долларын санхүүжилттэй хөтөлбөр юм. Өнөөдөр төслийн эхний үе шатыг хэрэгжүүлэх 80 сая долларын гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнээс 3.5 сая ам доллар нь буцалтгүй тусламж бол үлдэж байгаа хөнгөлттэй зээл хэлбэрээр олгогдож байна.

ДЕКЛАН МАГИЙ АХБ-ны МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРЛОГЧ:

Улаанбаатар хотын зарим гэр хороолол, хөдөө орон нутгийн 280 мянган иргэнд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий энэхүү 80 сая ам долларын зээл нь эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох засгийн газрын бодлогыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь гурван томоохон төслөөс бүрдэнэ. Энэ хүрээнд бүтээн байгуулалтын олон ажил хийгдэнэ. Мөн эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах чиглэлд ч анхаарна гэсэн юм.