Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд долоон төрлийн хавдрын оношилгоог үнэ төлбөргүй хийлгэх тухай тусгасан байна. Энэ хууль энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж байгаа юм. Хавдрын оношилгоонд хамрагдах иргэд өрхийн эмнэлэгтээ биеийн ерөнхий байдлаа үзүүлнэ. Өрхийн эмчийн магадлагаагаар магадлан итгэмжлэгдсэн улсын болон хувийн эмнэлгүүдэд хавдрын оношилгоог хийлгэх юм байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль нэгнээс хэрэгжиж эхлээд байна. Уг хууль мөрдөгдөж эхэлснээр иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болсон юм.  Мөн хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заажээ.

Өнгөрсөн онд Эрүүл мэндийн сайдын гаргасан эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах тухай тушаалаар улсын хэмжээнд 80 орчим мянган хүн хамрагджээ. Өнгөрсөн онд сайн дураараа эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 900 гаруй нь хорт хавдартай байсныг илрүүлсэн байна. Монгол Улсад жилд дунджаар 4000 гаруй хүн хорт хавдрын улмаас нас бардаг гэсэн судалгаа байдаг байна. Хүн амын тоонд харьцуулахад хэт өндөр байгаа энэ үзүүлэлтийг бууруулахад, өвчлөлийг эрт үед нь оношилж эмчлэхэд энэ хууль чухал ач холбогдолтой юм.