Эрүүл мэнд

Өнөөдөр ЭМЯ болон Глобал сан бусад иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд 2021-2023 онд хэрэгжүүлэх бэлгийн замын халдвараас сэргийлэх төсөл боловсруулах ажлын хүрээнд уулзаж зөвлөлдлөө. Зөвлөгөөний үеэр ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төслийн чиглэлийг тодорхойлох, өргөн барих төслийн эхийг салбар дотроо хэлэлцүүлсэн байна.

Эрт илрүүлэг шинжилгээг тогтмол явуулах, сайн дураараа шинжилгээ өгөх идэвхийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулснаар бэлгийн замын халдварт өвчнийг хяналтандаа аваад байгаа юм. Орон нутагт ч мөн адил бэлгийн замын халдварт өвчний илрүүлэг шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвх нэмэгджээ. 

Хамгийн сүүлийн дүн мэдээгээр Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдлын 286 тохиолдол бүртгэгдсэн байна. ДОХ-ын улмаас 46 хүн нас барсан байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Глобал сан бол санхүүжүүлэгч байгууллага юм. Улс орнуудад буцалтгүй тусламж үзүүлэхдээ тухайн орны бодлого хөтөлбөр стратегийг хэрэгжүүлэхэд дутагдалтай байгаа мөнгөн дээр нь нэмэлт санхүүжилт олгодог. Засгийн газраас гаргах хөрөнгийг орлуулж санхүүжилт хийдэггүй байна. Мөн эрүүл мэндийн салбар дангаараа тэмцээд дийлэхгүй учраас төр, олон нийт, хувийн зэрэг бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх зорилго агуулдаг юм байна.