Эрүүл мэнд

Коронавирусын халдвараар өнөө өглөөний 11 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд  нийт 2,796 хүн өвдөж, 80 хүн нас барсан гэх мэдээллийг ДЭМБ-аас өгсөн. БНХАУ-д 2,761 тохиолдол бүртгэгджээ. Нас баралт бүгд БНХАУ-д бүртгэгдсэн байна. БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа бол 49 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Коронавирусийн талаар үнэн бодит мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч, ард иргэдэд тайван байхыг зөвлөж, цахим орчинд тархаж байгаа худал мэдээлэлд хууртагдахгүй байхыг анхааруулж байна. Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Харин эрсдлийн зэрэг дундаас өндөрт шилжсэн гэж байна.

Ухань хотод Монгол Улсын 31 иргэн бий. Монгол оюутнуудыг эмчийн үзлэгт хамруулах ажлыг Хятадын тал хариуцаж байгаа гэлээ. Хятадын тал зөвшөөрвөл манай улс онгоц гаргаж, эмч мэргэжилтэн томилон иргэдээ авчрахад бэлэн байгааг ЭМЯ-аас мэдээллээ.

Сергей Диордица - ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч

Орчуулга: Шинэ коронавирусын дэлхийд гарч байгаа тохиолдлын тоо Цогтбаатар даргын хэлсэнтэй адилхан. Бэлтгэл ажил сайн явагдаж байгааг бид өнгөрсөн Бямба гарагт ХӨСҮТ дээр ажиллахдаа харсан. Цар тахлын бэлтгэл ажил ЭМЯ болон ДЭМБ дээр өдөр тутам хийгддэг ажил тул үүнийг бэлэн байдалд оруулах ажил явагдаж байгаа. Энэ долоо хоногт оношлуураа аваад баталгаажуулах ажиллагаа явагдана. Бэлэн байдлын үйл ажиллагаа нь эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх, хилийн хяналт тандалтыг эрчимжүүлэх ажлууд байна. Мөн бүх салбарыг нэгдсэн мэдээллээр хангах явдал юм.

Коронавирусийн шинэ халдвараас хамгаалахын тулд:

1.      Гараа сайн савандаж угаах

2.      Амны хаалт зүүж хэвших

3.      Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх гурван зөвлөмжийг ДЭМБ, ЭМЯ-аас өгч байна.

 

ФЭЙСБҮҮК ШУУД