Эрүүл мэнд

Коронавирус өвчний тохиолдол манай улсад бүртгэгдээгүй ч эмнэлгүүд бэлэн байдлаа бүрэн хангасан хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч байнгын бэлэн байх заавар зөвлөмжийг өгч байгаа юм. Эрүүл мэндийн сайд өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулын бэлэн байдлын үзүүлэх сургалттай танилцлаа. Нэгдүгээр эмнэлэгт шинэ коронавирусыг тусгаарлах, хэвтэн эмчлүүлэх зорилгоор 65 ортой тасаг бэлдсэн байна.

УНТЭ-ийн хувьд орох үүдийг цөөлж 3 хаалган дээр орж ирж буй бүх хүний халууныг хэмжиж байна. Коридор, тасаг, нэгжүүдийн хананд гар ариутгагч уусмал байршуулан эмч мэргэжилтнүүдийг маск хамгаалах хэрэгсэл гар ариутгагчаар хангажээ. Мөн иргэд үйлчлүүлэгчдэд урьдчилан сэргийлэх санамжуудыг дуу, дүрс, зурагт хуудас самбар зэргээр сурталчлан таниулах анхааруулах зэрэг олон ажлыг зохион байгуулж байна. Нэгдүгээр сарын 23-ны өдрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу шинэ коронавирусын халдварыг тусгаарлах хэвтэн эмчлүүлэх зорилгоор тусгай тасаг ч бэлдсэн байна. Бэлэн байдалд ажиллаж байгаа орнууд нь амьсгалын дутагдалтай, хүчилтөрөгчийн хэрэгцээтэй өвчтөнд зориулсан, сорьц өгсөн сэжигтэй өвчтөнийг тусгаарлах, сорьц эерэг гарсан амьсгалын дутагдалгүй, цус эргэлт хэвийн өвчтөнд зориулсан гээд тус тусдаа байна. Эрүүл мэндийн сайдыг 1-р эмнэлэгт бэлэн байдлыг шалгахаар очиход коронавирусын тохиолдол илэрвэл хэрхэн ажиллах болзошгүй аюулын бэлэн байдлын үзүүлэх сургалтаа танилцууллаа.

УНТЭ шинэ халдварын тохиолдол бүртгэгдлээ гэхэд бэлэн байдалд байна. Цаашид нэмэлтээр ор дэлгэхэд ч бэлэн гэдгээ хэлсэн. Эндээс Монголын эрүүл мэндийн салбар дэлхий нийтийг түгшээж байгаа шинэ төрлийн өвчин манай улсад ороод ирлээ гэхэд айх аюулгүй байгааг харж болохоор байна. Энэ сурвалжлагынхаа төгсгөлд Монголын хүн ардынхаа төлөө цаг нар нойр хоолгүй ажиллаж буй алтан гарт цагаан нөмрөгт эмч эмнэлгийн ажилчиддаа талархал илэрхийлье.