Эрүүл мэнд

УБ-Сөүлийн чиглэлээр ирсэн Дархан-Уул аймгийн иргэн өндөр халуурч ирсэн тухайгаа өөрөө мэдэгдэж эрүүл мэндийн байгууллагад ханджээ. Түүнийг тусгаарлаж шаардлагатай шинжилгээг авсан байна. Харин бусад сэжигтэй бүх тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ. Монгол улсад коронавирусын халдвар зөөвөрлөгдөж ирэх магадлал өндөр байгаа учраас онц шаардлагагүй бол гадны улс орон руу зорчихгүй байхыг анхаарууллаа.

Тус иргэн өөрөө халуурсан тухайгаа эрүүл мэндийн байгууллагад мэдэгдснээр түүнийг тусгаарлажээ. Шаардлагатай шинжилгээг авсан хариу нь маргааш /2020.02.06/ гарах юм байна. Манай улсын хувьд коронавирусын халдвар тархах эрсдэл өндөртэй нөхцөлд байгаа учраас шаардлагагүй тохиолдолд гадны улс орон руу зорчихгүй байхыг анхаарууллаа. Зорчсон тохиолдолд биеийн байдлаа хэсэг хугацаанд ажиглаж өөрийгөө тусгаарлахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Өнөөдрийн 11 цагийн байдлаар коронавирусын халдварын тохиолдол 20,630-д хүрч нас барсан хүний тоо 426 болжээ. БНХАУ-аас гадна 23 улс оронд халдвар гараад байна. Монгол улс руу вирус зөөвөрлөгдөх замаар тархах өндөр эрсдэл байгаа учраас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж ариун цэврийн дэглэмээ үргэлжлүүлэн сахихыг зөвлөлөө. Өнгөрсөн хугацаанд гарсан сэжигтэй тохиолдлуудын шинжилгээ бүгд сөрөг гарсан ч иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг сануулж байна.

Нийт халдвар авсан хүмүүсийн хоёрны нэг нь эрэгтэйчүүд байгаа бол насны хувьд 30-79 насныхан зонхилж байна. Мөн нэг сартайгаас 97 насны иргэн өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. Дийлэнхдээ Хятад улсын болон тус улсад зорчсон, дамжсан иргэд өвчилж байгаа учраас гадагшаа явахгүй байх, олон нийтийг хамарсан цагаан сарын золгуут зэргийг хийхгүй байх зөвлөгөөг өгч байна.
Мэргэжлийн хяналт, Онцгой, Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагууд 1 сарын 7-ны өдрөөс хойш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хугацаанд зөрчил гаргаж олон нийтийг цуглуулан үйл ажиллагаа явуулж байсан хоёр сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоож торгууль ноогдуулжээ. Олон улс даяар шинэ коронавирусын халдварын тархалтыг хумих зорилгоор хилийн хяналтаа чангатгаж БНХАУ-ын иргэдийг нэвтрүүлэхгүй байх зарчим баримталж байна. Тиймээс энэ эгзэгтэй цаг үед иргэдийг эрүүл мэндээ хамгаалахын тулд бусад улс орон руу зорчихгүй байж гаднаас ирсэн иргэд эрүүл мэндэээ хянаж анхааралдаа авах сануулгыг өгсөөр байна. Иргэдийн хувьд тайвшрах болоогүй, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, угаах зэргээр энгийн атлаа эрсдлээс хамгаалах зөвлөмжөө даган мөрдөхийг дахин санууллаа.

ФЭЙСБҮҮК ШУУД