Эрүүл мэнд

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсад короновирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүйг НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “ХӨСҮТ-д одоогийн байдлаар 79 хүн тусгаарлагдаж тандалт судалгаа, шинжилгээнд хамрагдаж байгаа. Иргэдийн биеийн байдал хэвийн. Томуу, томуу төст өвчлөл буурах хандлагатай байна” гэв. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд короновирусийн халдвараар 24324 хүн өвчилж 491 хүн нас бараад байна.

Томуу, томуу төст өвчлөл болон короновирусийн халдвартай холбогдуулан эх сурвалжгүй, худал мэдээлэл цахим орчинд тараагдаж байгаа нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй учраас хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эх сурвалжтай, бодит мэдээллийг хүргэж хамтарч ажиллахыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уриаллаа. Тэрбээр “Дархан хотод короновирусийн тохиолдол илэрсэн гэх мэтээр худал мэдээлэл тараасан байна. Өнөөдөр нийслэлийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсад  короновирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүйг мэдээлсэн. Тиймээс  олон нийтийн анхаарлыг татах, хандалтаа өсгөхөөр эх сурвалжгүй худал мэдээлэл тараахгүй байхыг хүсч байна” гэлээ.

Иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж олон нийтийн газраар явахдаа маск зүүх, хувийн ариун цэврээ сайтар хангахыг албаныхан зөвлөж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс