Эрүүл мэнд

Яармагт Эх хүүхдийн эмнэлэг байгуулахаар 2010 онд барилгын ажлыг эхлүүлсэн ч 2013 оноос хойш царцаад байсан юм. Тэгвэл уг ажлыг үргэлжлүүлэхээр Томо бюльдинг компани 2018 оноос ажиллаж 95 хувийн гүйцэтгэлд хүргэжээ.  Компанийн хувьд өөрийн зүгээс хөрөнгөө гаргаж барилгын ажлаа хийсэн учраас санхүүгийн асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна. Тиймээс хотын дарга Амарсайхан компанийн удирдлагуудтай уулзаж эдийн засгийн хохиролгүй болгох талаас холбогдох ажлуудыг хийнэ гэж мэдэгдлээ. Эмнэлгийн барилга ирэх 3-р сард ашиглалтад орох юм байна. 

Улаанбаатар хотын эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр 2010 онд шийдвэр гарч, Пума, Нийслэл өргөө гэх хоёр барилгын компани ажил авсан байдаг. Гэсэн ч тус хоёр компани үйл ажиллагаагаа зогсоож хөрөнгө оруулалтгүйгээс барилгын ажлыг 2013 онд зогсоосон байдаг. Үүнээс хойш царцаагдсан хэвээр байсан барилгыг Томо Бюлдинг компани 2018 оны 4 дүгээр сараас эхлэн 33 хувийн гүйцэтгэлтэй байсан барилгын ажлыг үргэлжлүүлсээр одоо 95 хувьтай болсон байна. Эмнэлгийн барилгын ажилд нийслэлийн төсвөөс 8 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан байна. Гэсэн ч төсөвт суулгасан хөрөнгө барилгын ажлын үйл ажиллагаанд хүрэлцэхгүй байгаа учраас нийслэлийн удирдлага болоод ЭМЯ-нд хандлаа.

Тус эмнэлэг нийт долоон блок барилгаас бүрдэх юм. Эмнэлгийн барилгын ажилд 2013 онд 18 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин одоо Томо бюлдинг компани барилгын үйл ажиллагаанд одоогийн байдлаар 20 гаруй тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа юм байна. Хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн 2019 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох байсан ч хойшлогдоод байгаа юм байна. Эмнэлэг ашиглалтад орсноор хүүхдийн орны тоо 160, төрөх эмэгтэйчүүдийн эмнэлгийн орны тоо 140-өөр нэмэгдэх юм байна.  

Нийслэлийн засаг даргын зүгээс тус эмнэлэгтэй холбоотой асуудлыг өөрийн биеэр Монгол улсын Ерөнхий сайдад танилцуулж, засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Эрүүл мэндийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, орны хүрэлцээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа энэ үед шинээр баригдаж байгаа эмнэлэгт тулгамдаж байгаа асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.