Эрүүл мэнд

COVID-19 вирусын халдварын тархалт 29 орныг хамраад байна. Сүүлийн 24 цагийн байдлаар халдварын тоо 200 гаруйгаар нэмэгдээд байна. БНСУ-д 800 орчим тохиолдол бүртгэгдэж нас баралт 7 болсон байна. Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 6 хүнийг тусгаарлан хяналтанд оруулсан байна. БНСУ-аас өмнө ирсэн байсан нэг хүн ингээд нийтдээ 7 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдаж байна. Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал тогтвортой байгааг албаныхан мэдээллээ.

Дэлхийн нийтэд коронавирус хурдацтай тархаж цар тахлын  хэмжээнд хүрэх магадлалтайг ДЭМБ-аас дүгнэсэн байна. БНСУ-д халдварын тоо 800 хүрч, нас баралт өглөөний 10 цагийн байдлаар долоо бүртгэгджээ. Нийт халдвар авагчдын 80 орчим хувь нь Тэгү хотын сүмийн цугларалтаас халдвар авсан нь тогтоогдсон байна. Тус улсын хувьд нийгмийн эрүүл мэндэд ноцтой хохирол үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзэн хөл хорио хэсэгчлэн тогтоож эхэлсэн байна. Мөн Итали улсад халдварын тоо нэмэгдэж өнөөдрийн байдлаар 150 гаруй хүн бүртгэгдсэн байна. Мөн 10 гаруй хотод хөл хорио тогтоожээ.

Манай улсад коронавирусын халдвар илрээгүй байна. Тусгаарлагдан хянагдаж байсан зургаан хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ. Харин өчигдөр орой Сөүл-Улаанбатаар чиглэлийн нислэгээр ирсэн иргэдээс зургаа, мөн өмнө БНСУ-аас ирсэн байсан нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан хянаж байна. Иргэдийн биеийн байдал хэвийн байгааг ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Өчигдөр оройн нислэгээр БНСУ-аас ирсэн зарим иргэд хяналтанд байгааг ч албаныхан мэдээллээ.

БНСУ-аас ирсэн иргэд 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлан, олон нийтийн газраар явахгүй байх, айл хэсч золголт хийхгүй байхыг албаныхан анхааруулсаар байгаа. Гэсэн ч өчигдөр ирсэн зарим иргэд золголт хийхээр айл хэсч байгаа тухай мэдээллийг зарим эх сурвалж өгч байна. Хэдийгээр халуурч шинж тэмдэг илрээгүй ч өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүйн тулд дээрх арга хэмжээг авах нь зүйтэй гэж мэргэжлийнхэн сануулж байна.

Хэрвээ манай улсад халдвар гарсан тохиолдолд өрхийн болон орон нутгийн эрүүл мэндийн төвүүд, 2,3-р шатны эмнэлгүүд бүгд бэлэн байдалд байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Эмнэлгүүдэд нэмэлтээр ажиллуулах эмч мэргэжилтнүүд, Анагаахын шинжлэх ухааны сургуулиудын 1300 гаруй эмчийг сургаж бэлдсэн байна. Мөн халдвар гарсан тохиолдолд эмч нар эмнэлэг хооронд шилжин ажиллах зэрэг бүхий л бэлэн байдлын төлөвлөгөөг гаргажээ. 

ФНЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ