Эрүүл мэнд

Манай улс коронавирус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжөө сайжрууллаа. Нийт 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий  багаж, эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан байна. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг улсын томоохон эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдэд хувиарлан өглөө. 

Рентген Аппарат, Амьсгалын аппарат, хяналтын монитор, Хүчилтөрөгч өтгөрүүлэгч, Тарианы автомат болон дуслын автомат шахуурга зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулж ажиллахад эдгээр тоног төхөөрөмжүүд чухал ач холбогдолтой гэдгийг эмч нар хэлж байна.   

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд Нийт 4.2 тэрбум төгрөгийн өртгөөр 9 нэр төрлийн 572 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. ХӨСҮТ, УНТЭ, УГТЭ, ГССҮТ болон нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд ийнхүү тоног төхөөрөмжөө сайжруулсан юм. 

ПАВИТ РАМАЧАНДРА - АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ

Эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг бид өнөөдөр хүлээлгэн өглөө. Эмнэлгийн бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. АХБ-аас 225 мянган ам долларын өртөгтэй жижиг хэмжээний техникийн тусламжийг үзүүлнэ гэдгийг мөн  онцлон хэлмээр байна.

Эмнэлгийн тусламжийг бэхжүүлэх үүднээс Азийн хөгжлийн банк болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай тогтмол уулзалт зохион байгуулсан. Энэ хүрээнд эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлхээр болсон юм.