Казахстаны Засгийн газар хийн асуудлаас шалтгаалан огцорлоо

Улс төр

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Төв Азийн үсрэнгүй хөгжиж байгаа улс орон болох Казахстан улсад шинэ оны дараа шингэрүүлсэн хий, түлшний үнэ өссөн явдал иргэдийн эгдүүцэл бухимдал, эсэргүүцэлтэй тулгаран, улмаар засгийн газар огцроход хүргэлээ.

Иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааны улмаас Казахстаны засгийн газар огцорсон байна. Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев засгийн газраа огцруулан, ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр засгийн газрын 1-р шадар сайд Алихан Смаиловыг томилжээ. Үзэгч танд Казахстан улсад өрнөсөн үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе!

Казахстаны ерөнхийлөгч улсынхаа засгийн газрыг огцруулахтай зэрэгцэн дараагийн засгийн газар бүрэлдэх хүртэл сайд нараа үүрэгт албаа үргэлжлүүлэн гүйцэтгэхийг мөн давхар даалгажээ. 2019 оныд 2-р сарын 25-ны өдрөөс хойш Казахстаны засгийн газрыг Аскар Мамин тэргүүлэн ажиллаж байжээ. Түүнчлэн ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээллээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1-р орлогч даргаар Токаевын засаг захиргааны тэргүүн Мурат Нуртлеуг түр томилсон байна. Казахстаны ерөнхийлөгч түүнчлэн өөрийн туслах Ерлан Кариныг улсынхаа шинэ Төрийн нарийн бичгийн даргаар томилж, энэ албыг 2019 оны 9-р сараас хойш хашиж байсан Крымбек Кушербаевыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Казахстаны үндсэн хуулинд заасан ёсоор Төрийн нар. б. дарга нь дотоод болон гадаад бодлогын үндсэн чиглэлийн талаар ерөнхийлөгчид санал боловсруулан, парламент болон түүний танхим, төрийн байгууллага, олон нийтийн байгууллага, олон улсын харилцаанд төрийн тэргүүнийг төлөөлөх эрхтэй байдаг юм.