Казахстанд дэгдсэн үймээн самуунтай холбоотойгоор 8 мянган хүнийг баривчлан саатуулжээ

Улс төр

Казахстанд шингэрүүлсэн хийн түлшний үнийг нэмсэн явдлаас болж үүссэн дотоодын эмх замбараагүй байдал, жагсаал цуглаан намжиж, улс орон эргээд хэвийн байдалдаа орж эхлээд байна. 

Казахстаны дотоод хэргийн яамнаас мэдээлж байгаагаар улс оронд нь дэгдсэн “хийн жагсаал”-аас үүдэлтэй олныг хамарсан эмх замбараагүй байдал, мөргөлдөөн тулааны улмаас 164 хүн амиа алдаж, 2 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн Казахстанд болсон дотоодын үймээн самуунтай холбоотойгоор хууль хүчний байгууллагынхан 8 мянга гаруй хүнийг баривчлан саатуулаад байна. 

Казахстаны дотоод хэргийн яамнаас даваа гарагт гаргасан албаны мэдэгдэлд нийтдээ улс оронд нь дэгдсэн жагсаал цуглаан, үймээн самууны хэргээр 7,939 хүн баривчлагдаад байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Казахстанд өрнөсөн дотоодын хямралд гадны алан хядах бүлэглэлүүд, салан тусгаарлах үзэлтнүүд болоод эрүүгийн гэмт хэргийн бүлэглэлүүд оролцож, улс орон дахь нөхцөл байдлыг үймүүлэхэд хамгийн их үүрэгтэйгээр оролцсон гэж үзэж байна.

Ням гарагийн байдлаар Казахстаны дотоод хэргийн яам 5,969 хүнийг үймээнд оролцсон, олныг турхиран эмх замбараагүй байдал дэгдээсэн хэргээр саатуулсан гэж мэдээлж байсан бол сүүлийн нэг хоногт нэмж 2 мянган хүнийг баривчилжээ. Казахстаны хууль хүчний байгууллагынхан улс орондоо терроризмын эсрэг ажиллагаа явуулж, энэ хүрээнд үймээн самуунд оролцсон, бусдыг турхирсан өдөөн хатгасан хүмүүсийг баривчилж байгаа юм. Казахстанд дэгдсэн үймээн самууны үеэр 164 хүн амиа алдсан талаар энэ улсын эх сурвалжууд мэдээлж байна. Эдгээрээс 103 нь Алматы хотод болсон үймээний үеэр амиа алджээ. Түүнчлэн эмнэлгийн байгууллагад 2,200-аад хүн хандан тусламж хүссэн байна.