Эрүүл мэнд

Манай улсад бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол Франц улсын иргэний биеийн байдал сайн байна. Түүний ойрын хавьтал байж болох хүмүүст давтан шинжилгээ хийж дууссаныг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Давтан шинжилгээгээр бүх хүний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон байна. Мөн Баян-Өлгий аймаг болон бусад газруудад тусгаарлагдсан сэжигтэй тохиолдолууд ч сөрөг гарчээ. 

Франц улсын иргэнтэй ойр харилцсан 88 иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарлаа. Ингэснээр ойрын хавьтлын бүх тохиолдлын шинжилгээ сөрөг гарч байна. Үүнээс гадна 3-р сарын 15-нд ХӨСҮТ-д болон Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэдийн хариу сөрөг гарсан байна.

1-р сарын 9-нөөс хойш 2239 иргэнийг ажиглалтад авч тусгаарласан. Харин өнөөдрийн байдлаар 1330 хүн тусгаарлалтад байна. Мөн 293 сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулжээ.

Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийг тусгаарлаж, сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-т шилжүүлж шинжилгээ авч байна. Үүнээс гадна эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан, цагдаагийн алба хаагчдын аюулгүй байдлыг ч хангаж ажиллаж байгаа гэсэн юм.