Худалдаа эрхэлж байгаа хүмүүст зээлийн өндөр хүү хүнд дарамт болдгийг хэлж байна 

Нийгэм

Б.Бэх-Очир: Амьдралаа бодоод үнээ нэммээр байдаг ч авах хүсэлтэй ч мөнгө нь хүрэхгүй иргэдэд хямдруулаад өгчихдөг.

Амьдралаас бид болохгүйг нь ярьж бухимдан, төр засгаа шүүмжлэхээс илүүтэй болж байгааг нь ярьж илүү сайжруулах юмсан гэх сэтгэлээр асуудалд ханддаг хэмээн өөдрөг үзлээр ар гэрээ авч яваа иргэн Бэх-Очиртой цөөн хором ярилцлаа. Тэрээр Хэнтий аймгийн дунд сургуульд дүрслэх урлагийн багш мэргэжлээр 20-иод жил ажиллажээ. Олон сайхан шавь нараас минь одоо ч мундаг яваа хүүхэд зөндөө хэмээн мэргэжлээрээ бахархан ярьж байсан юм. 13 жилийн өмнө амьдралаа сайжруулахаар орон нутгаас нийслэлд ирж Нарантуул зах дээр худалдаа эрхэлж эхэлжээ.

Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал худалдаа эрхэлж байгаа хүмүүст маш хүндээр туссан гэдгийг онцоллоо. 13 жил яг энэ газраа наймаа хийж зогссон түүнд өнгөрсөн хоёр жил гарны хугацаанд бэрхшээл олон гарчээ.

Бөөний үнээр авдаг бараа нь тасарч, хааяа нэг ирэх бүртээ үнэ нь нэмэгддэг байсныг хэллээ. Амьжиргаагаа бодоод үнийн нэмэгдлээр бараагаа зармаар байдаг ч нөгөө талдаа авах хүсэлтэй ч мөнгө нь хүрэхгүй байгаа хүмүүсийг харахаар хямдруулаад өгчихдөг үе цөөнгүй хэмээн ярьж байсан юм.

1990 ээд оны сүүл 2000 оны эхийг бодвол Монгол Улсын өнөөгийн хөгжил чамлах зүйл биш хэмээн тэрээр хэллээ. Болохгүйг нь ярьж бухимдан шүүмжлэхээс илүүтэй болох талд нь үзэл бодлоо уралдуулдаг байвал амьдралын сайхныг илүү мэдэрнэ ч гэж хэлсэн юм.

Дан ганц наймаа эрхэлж байгаа хүмүүс гэлтгүй иргэн бүр их бага хэмжээний зээлтэй болж зээлийн өндөр хүүнд дарлуулж байгаа харагддаг тул болдол бол хүүг нь бууруулвал олон хүний амьдралд тустайг онцоллоо.

Зээлийн өндөр хүү, төлөлтийн хувиар, амьжиргаагаа залгуулах хэрэгцээ гээд асуудал их ч ганцаараа гэр бүлээ тэжээж яваа хүний хувьд өвдөх эрх байдаггүйг тэрээр хэлсэн юм.

Амьдралд сайн муу, хүнд хэцүү үе ээлжилж яана даа гээд арга ядах үе  цөөнгүй ирдэг ч их бага хэмжээнд  хөдөлмөрлөж зүтгэж байхад болдог доо гэж иргэн Бэх-Очир онцлон хэлсэн юм.