Эрүүл мэнд

Улсын хоёрдугаар төв эмнэлэг шинээр дөрвөн тасаг нээлээ. Иргэдэд эмчилгээ үйлчилгээг илүү тав тухтай, хүртээмжтэй болгох үүднээс эдгээр ажил хийгдсэн байна. Тасгийн нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн шаардлагатай зарим тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэн өгөхөд анхаарахаар болсон байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг гемодиализийн эмчилгээний хэсэг, харвалтын, зүрхний шигдээсийн нэгж, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тасгаа шинэчлэн засварлаж ашиглалтад орууллаа. Тус хэсгүүд шинэчлэгдснээр ард иргэдэд энэ төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгааг албаныхан онцолж байна. Тухайлбал гемодиализийн хоёр аппаратаар бөөрний архаг болон цочмог дутагдалтай өвчтөнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлдэг байжээ. Энэ нь хүлээгдэл ихтэй байсныг өвчтнүүд хэлж байлаа. Харин өнөөдөр найман аппаратанд энэ төрлийн оноштой өвчтөнүүдийг зэрэг авах боломж бүрдсэн байна. Мөн харвалтын нэгжийг шинэчлэн засварлаж, найман ортой болгосон бол зүрхний шигдээсийн тасагт бүх аппарат хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон таван орыг ашиглах боломжтой болжээ. 

УХТЭ-т шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцоллоо. Коронавирусын цар тахлын үед эмнэлгүүд хүчин чадлаа сайжруулж, нөөц бололцоогоо дайчлан зохион байгуулалт хийж байгааг салбарын сайд онцолж байлаа. Мөн халдварын тохиолдол нэмэгдсэн ч томоохон эмнэлгүүд бүгд бэлэн байдалд ажиллаж байна. 

Тус эмнэлэгт харвалтын болоод зүрхний шигдээсийн, ангиографийн тасаг ашиглалтад орсноор бусад томоохон эмнэлгийн ачааллыг үүрэлцэж байна гэж албаныхан хэлж байлаа. УХТЭ-ийн зүрхний титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээний тасаг өнгөрсөн 12 дугаар сард байгуулагдсан байна. Тус тасагт 300 гаруй хүн судсан дотуурх мэс ажилбарыг хийлгэж амжилттай болжээ. Мэс ажилбар хийлгэсэн өвчтөнүүдийн 80 гаруй хувь нь элэгний хавдрын үеийн эмчилгээнүүдийг хийлгэжээ.