Эрүүл мэнд

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай эрэгтэй тарваганы мах идсэн гэх өгүүлэмжтэй өндөр халуурч эмнэлэгт хүргэгдэн тусгаарлагдсан. Түүний сорьцод шинжилгээ хийхэд тарваган тахал илрээгүй байна. Харин бөөрний үрэвсэлтэй байжээ.

Говь-Алтай, Ховд аймгуудад бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлуудыг нарийвчлан PCR шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Иргэдийг тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байгаа боловч өөрийгөө болон олон нийтийг эрсдэлд оруулсан үйлдлүүд удаа дараа гаргаж байгааг ЗӨСҮТ-өөс мэдээллээ. Тарваган тахал нь маш хурдан үхэлд хүргэдэг, нууц үе нь 6 хоног байдаг учир короновируст халдвараас ч аюултай болохыг албаныхан хэлж байна.
Мөн Ховд аймгийн Цэцэг суманд гарсан тарваган тахлын 2 тохиолдлын нэг 27 настай эрэгтэйн биеийн байдал хэвийн, эмчилгээ үргэлжилж байна. Харин 16 настай хүүхдийн 3 удаагийн хяналтын шинжилгээний хариу сөрөг гарсан тул эмнэлгээс гарчээ. 2018 оноос эхлэн 3 жилийн хугацаанд тарвага агнахыг хориглосон байгаа энэ үед иргэд тарвага агнах, махыг нь хэрэглэх, эд эрхтэнг нь эмчилгээнд хэрэглэх зэрэг хууль бус үйлдэл гаргаж байгааг анхаарууллаа.
Тарвага агнахыг хуулиар хориглосон байхад 22-ын товчоогоор 4 тарвага нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гарчээ. ЗӨСҮТ-өөс цагдаа мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хууль бус үйлдэл гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцон ажиллаж байна.

Тарвага агнасан тохиолдолд их хэмжээний торгууль ногдуулдаг гэдгийг тодотголоо.

Иймд тарваган тахлын эрсдэл их байгаа энэ үед иргэдийг онцгой анхааран өөрийгөө болон олон нийтийг эрсдэлд оруулахгүй байхыг санууллаа.