Эрүүл мэнд

Энэ долоо хоногийн байдлаар нийт амбулаторийн үзлэгийн 2.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Тиймээс эмнэлгийн байгууллагууд болон ард иргэд томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан бэлэн байдлаа хангах хэрэгтэйг анхаарууллаа.

Томуугийн тандалт судалгаагаар томуугийн шинжтэй амьсгалын замын цочмог үрэвсэлтэй өвчтөнүүдээс авсан 40 гаруй сорьцод томуугийн вирус илрээгүй. Харин амьсгалын замын цочмог хүнд халдвар үүсгэдэг реновирус 2.5 хувьд нь илэрсэн байна.  Тиймээс иргэдийг урьдчилан сэргийлэх хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцоллоо. Үүнд амны хаалт хамгийн чухал болохыг тодотголоо.

З.ГЭРЭЛМАА: ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХЭД АМНЫ ХААЛТ ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

Томуу өвчинд 250 орчим вирус байдаг байна. Энэ нь олон янзаар өвчлүүлдэг гэсэн үг юм. Цар тахал гарсан байгаа энэ үед томуу томуу төст өвчнөөр өвдөх нь тун эрсдэлтэйг хэлж байна. Амбулаторийн 4-өөс дээш хувийг томуу томуу төст өвчний үзлэг эзэлж эхэлбэл томуугийн улирал эхэллээ гэж үздэг.

Манай улсын хувьд дунджаар 10 сард томуугийн өвчлөл ихэсдэг. Гэтэл энэ жилийн  хувьд сүүлийн 3 жилийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тиймээс эрт арга хэмжээ авах хэрэгтэйг эмч зөвлөж байна.

Анх ковид-19 цар тахал гарч иргэд гэрээсээ гарах нь багасан, хүүхдүүд сургууль цэцэрлэгт явахаа больж амны хаалт тогтмол хэрэглэж, гарын ариун цэвэр сахиснаар зарим нэг өвчлөл тэр дундаа томуу томуу төст өвчин буурч байсан. Иймд эдгээр арга хэмжээ нь өвчнийг бууруулах, сэргийлэх хамгийн энгийн бөгөөд чухал алхам болохыг онцоллоо.