Эрүүл мэнд

Энэ долоо хоногийн байдлаар нийт амбулаторийн үзлэгийн 2.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Тэр ялангуяа реновирус давамгай байгаа юм. Энэ нь амьсгалын дээд зам буюу хамар, хоолойг өвчлүүлдэг гэлээ. Тиймээс зөв эмчлэх, хүндрүүлэхгүй байх, эмчийн заавартай эм хэрэглэхийг зөвлөлөө.

Томуугийн тандалт судалгааг жилийн хугацаанд тандаж аль вирус давамгайлсан, ямар төрлийн томуу, томуу төст өвчин хүн амын дунд зонхилж байгааг судалдаг байна. Энэ жилийн хувь харьцангуй хөнгөн буюу реновирусээр үүсгэгдэх томуу төст өвчин гарах хандлагатай байгааг онцоллоо. Гэсэн ч хайхрамжгүй хандаж болохгүй, тухай бүрт нь эмчлэх хэрэгтэйг санууллаа. Мөн энэ төрлийн вирус нь хамар, хоолой өвчлүүлдэг учир зарим үед харшилтай андуурах тохиолдол байдаг гэдгийг хэлж байна.

Томуу өвчинд ойролцоогоор 200 гаран вирус байдаг байна. Үүнээс Монгол улс тогтмол 21 вирусыг илрүүлэхээр тандан судалдаг гэлээ. Мөн цар тахал гарсан байгаа энэ үед томуу томуу төст өвчнөөр өвдөх нь тун эрсдэлтэйг хэлж байна. Амбулаторийн 4 өөс дээш хувийг томуу томуу төст өвчний үзлэг эзлэж эхэлбэл томуугийн улирал эхэллээ гэж үздэг. Манай улсын хувьд дунджаар 10 сард томуугийн өвчлөл ихэсдэг. Гэтэл энэ жилийн  хувьд сүүлийн 3 жилийнхтэй харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тиймээс эрт арга хэмжээ авах хэрэгтэйг эмч зөвлөж байна.

Анх ковид-19 цар тахал гарч иргэд гэрээсээ гарах нь багасан, хүүхдүүд сургууль цэцэрлэгт явахаа больж амны хаалт тогтмол хэрэглэж, гарын ариун цэвэр сахиснаар зарим нэг өвчлөл тэр дундаа томуу томуу төст өвчин буурч байсан. Иймд эдгээр арга хэмжээ нь өвчнийг бууруулах, сэргийлэх хамгийн энгийн чухал алхам болохыг онцоллоо. Мөн үүнээс гадна хүүхдийн дархлааг унагахгүй байх тал дээр анхаарч агаар салхинд гаргах, гар утас, зурагтнаас хол байлгах, аньс чацаргана зэрэг амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөлөө.