Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчиллээ. Иргэн бүрийг даатгалд хамруулж, сангийн хөрөнгийн зарцуулалт, хүн бүрийн эрүүл мэндэд зориулахад хяналт тавих үүрэг хүлээх юм. Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдсан учраас даатгалын сангийн үндэсний зөвлөлийг өөрчилж байгааг тайлбарлалаа.

Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгийг захиран зарцуулах эрх нь эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд байдаг. Тус зөвлөлийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ахлахаар болж зарим гишүүдийг шинэчлэхийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэн дэмжлээ. Уг асуудлыг хэлэлцэх үеэр манай улсад эмчлэгдэх боломжгүй өвчнөөр гадны улсыг зорих шаардлагатай иргэдэд Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангаас 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болох асуудлыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хөндлөө.

Өнөөдрийн байдлаар гадны улсад өндөр зардлаар эмчилгээнд явсан иргэнд таван хувийг нь буцаан олгодог. Харин цаашид Монголд эмчлэх боломжгүй 26 өвчнийг цөөлөх бодлого эрчимтэй явуулж эрүүл мэндийн салбарын чадавхийг сайжруулна гэж салбарын сайд хэллээ. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын санд өнөөдрийн байдлаар 500 гаруй тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэл байна. Үүнийг үндэсний зөвлөлийн шийдвэрээр захиран зарцуулахаас гадна төрийн санд байршуулж байгаа тул НДС-гийн хөрөнгө шиг эрсдэл үүсэхгүйг хэллээ.

Эрүүл мэндийн даатгалын сан тэтгэврийн болоод ажилгүйдлийн гээд бусад сангуудыг бодвол мөнгөтэй үлдэгдэлтэй байдаг. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлөн ажиллаж байгаа хүмүүс зөв шударга хариуцлагатай байх ёстойг гишүүд санууллаа.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ЭМЯ-ны харьяанд үйл ажиллагаа явуулна. Засгийн газрыг төлөөлж зөвлөлд ажиллах гишүүд нь Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байна гэж хуульд тусгасан байдаг. Тэгвэл цаашид энэ байдлыг болиулах хэрэгтэйг гишүүд хэллээ. Учир нь зөвлөлийн гишүүдийн томилгоо байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэх хүртэл хугацаа алдаж тэр хэрээр зөвлөлөөс гарах шийдвэр удааширч байгаа юм. Тиймээс албан тушаалаар нь шууд солидог болж дараагийн хүнд нь хугацаа алдалгүй хариуцуулдаг болох хэрэгтэйг гишүүд хэлж байлаа.