Абу-Дабигийн нисэх буудал руу Йемений хуситууд халдлага үйлджээ

Үйл явдал

Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Абу Даби хотод агаарын нисдэг төхөөрөмж болох дрон ашиглан халдлага үйлджээ.

Халдлагад Абу Даби хотын нисэх буудал болон Мусаффах дүүрэг өртөн, эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 3 хүн амиа алдан, 6 хүн шархаджээ. 

Абу Дабид болсон халдлагыг Йемений “Ансар Аллах” бүлэглэлийн хуситын зэвсэгт дайчид үйлдсэн байна. Даваа гарагт Абу Даби хотын Мусаффах дүүрэгт байрлах Эмиратын Үндэсний нефтийн компанийн объектууд агаарын дроны халдлагад өртжээ. Түүнчлэн халдлагад Арабын Нэгдсэн Эмиратын олон улсын нисэх онгоцны буудал мөн өртсөн байна. Нефтийн компанийн барилгад халдлагын улмаас дэгдсэн түймэрт 3 хүн өртөн амиа алдаж, 6 хүн гэмтэж түлэгджээ. Албаны эх сурвалжуудын мэдээллээр халдлагыг 5 баллистик болон далавчит пуужин ашиглан үйлдэж, тэдгээрийг дроноор хөөргөн зорилтот газарт хүргэн халдлага үйлдсэн байна. “Ансар Аллах” бүлэглэлийн албаны төлөөлөгч Яхья Сариагийн мэдээлснээр халдлагын гол байнуудын нэг нь Абу Дабигийн олон улсын нисэх буудал байжээ.