ОХУ-Украины Гадаад хэргийн сайд нарын уулзалт үр дүнд хүрсэнгүй өндөрлөлөө

Улс төр

Туркийн Анталья хотноо Орос-Украины албаны төлөөлөгчийн хооронд ээлжит яриа хэлэлцээр болсон ч үр дүнд хүрсэнгүй... 

Энэ удаад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нарын хооронд гал зогсоох асуудлаар нүүр тулсан уулзалт, хэлэлцээ болсон ч талууд өмнөө тулгамдсан асуудлаар ахиу дэвшил гаргаагүй, тодорхой үр дүнд хүрээгүй байна. 

Анталья хотод болсон уулзалт хэлэлцээрийн дараа Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хийсэн мэдэгдэлдээ Оросын тал өөрийн шаардлагаа тавьж, Киевийг бууж өгөхийг хүссэн гэсэн бол Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров улсынх нь Украины түрэмгийлэгчдийн эсрэг явуулж байгаа тусгай цэргийн ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа гэжээ.

Украины тал Оросын талаас явуулж байгаа дайн тулаан эхэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд Украины 2 сая гаруй иргэн дүрвэн зугтаж, хүмүүнлэгийн гамшиг тулгараад байгаа ньМосква цэрэг дайны гэмт хэрэг үйлдэж байгаагийн тод баримт гэсэн байна. Украин Оросын талыг иргэний объектууд руу гал нээж, хотуудыг ээлж дараалан хяналтандаа авч байгаад мөн буруутгаж байна. Кулеба Лавровтай дахин дипломат түвшинд яриа хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ ч мөн илэрхийлжээ. Украины тал Антальягийн уулзалтын үеэр Оросоос ердөө хоёр шаардлага тавьж, 24 цагийн хугацаанд галаа зогсоож, хүмүүнлэгийн коридорыг нээн, энгийн номхон иргэдийг саадгүй нэвтрүүлэн, хүмүүнлэгийн асуудлыг шийдэхийг хүсчээ. 

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Антальягийн уулзалтын үеэр өөрийн талын шаардлагыг тавьж, Украины тал зэвсэглэлээс татгалзаж, дундыг баримтлагч статус бүхий улс орон болохыг хүлээн зөвшөөрөхгүй бол Москва ямар нэгэн байдлаар буулт хийхгүй гэдгийг давтан хэлжээ. Лавров түүнчлэн Барууны улс орнуудыг Украинд зэр зэвсэг нийлүүлэх замаар хоёр улсын хоорондын хямралыг өдөөн турхирч байгаад буруутгасан байна. Оросын гадаад хэргийн сайд ингэж мэдэгдэхдээ улс орон нь Барууны хориг саадыг даван туулж, илүү хүчирхэг, илүү чадалтай улс орон байх болно гэжээ. Лавров түүнчлэн Оросын тал өдөр тутамд хүмүүнлэгийн гарцаа нээлттэй байлгахад бэлэн байгаагаа ч илэрхийлсэн байна.